Спорт ард түмэн төдийгүй улс орнуудыг ч нэгтгэдэг. Даян дэлхийн хүмүүст спортын уралдаан тэмцээн, тамирчдын талаар бүрэн дүүрэн мэдээлэл өгөхийн тулд өрсөлдөөн, ялалтын баяр, ялагдлын гунигийг яруу тодоор дүрслэн өгүүлж чаддаг мэргэжилтнүүд шаардлагатай.
Энэ бол спортын сэтгүүлчид юм. Олимпын наадам, тив дэлхийн аваргын тэмцээн болж байгаа газраас алс хол оршин суугаа хүнд ч тэмцээний уур амьсгалыг мэдрүүлж өгөх нь спортоор овоглосон сэтгүүлчдийн үүрэг. Өнөөдөр тэдэнд зориулсан баярын өдөр.
1995 оны долоодугаар сарын 2-ноос эхлэн Олон улсын спортын сэтгүүлчдийн өдрийг даян дэлхий даяар тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдлоор сонгосон хэрэг биш. Алс тэртээ 1924 оны энэ өдөр Францын нийслэл Парист Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо байгуулагдсан юм.
Энэ өдрийг орон бүр өөр өөрөөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Зарим оронд шагнал гардуулах ёслол болж, шилдгүүдээ тодруулдаг бол зарим оронд спортын уралдаан тэмцээн зохион байгуулна. Харин Монголын спортын сэтгүүлчид бид энэ өдөр хөл бөмбөгийн тэмцээн явуулж, ажлын байран дээрээ буюу спортын талбай дээр тэмдэглэдэг уламжлалтай.