Хар тамхи хэрэглэсэн бүлэг залуусыг саатуулжээ. Тодруулбал, зургадугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 01.30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хар тамхи хэрэглэсэн хүмүүс байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Тус мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн шалгахад 28 настай эмэгтэй О, 19 настай эрэгтэй Т, 34 настай эрэгтэй Э, 21 настай эрэгтэй Т нар сэтгэцэд нөлөөт бэлдмэл хэрэглэсэн байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн хүмүүсийг орон байраар хангасан тохиолдолд дараах байдлаар хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйл Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.