Олон улсын Нотариатчдын холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын IX ээлжит чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монголын Нотариатчдын Танхим, Олон улсын Нотариатын Холбоо, Олон улсын Наториатчдын холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид нэг дор чуулж буй уг уулзалтыг “Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт” сэдвийн дор зохион байгуулж байгаа юм.
Өнөөдрийн чуулга уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нар урилгаар оролцлоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нээж хэлсэн үгэндээ нотариатчдын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагын хүрээнд УИХ-аас Нотариатчдын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн талаар дурдаад, үүнд нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх тухай заалт туссаныг онцлон дурдсан юм.
Тэгвэл нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийгэмд хүний, эрх чөлөөг дээдэлж, хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх аливаа үйл явдал, баримтыг гэрчлэх, хууль ёсны болгох үндсэн үүргийг нотариатчид хэрэгжүүлж байгаа учраас нотариатчдын үйл ажиллагаа бол нийгмийн амин дэм юм гээд хүний эрхийг хуулийн хүрээнд хамгаалах, дэмжлэг үзүүлэхэд та бүхний оролцоо чухал юм гэлээ. Ялангуяа өнөөдрийн чуулга уулзалт хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийг хамгаалахад нотариатчдын гүйцэтгэх үүргийн хүрээнд зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой юм хэмээлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ