Эдийн засаг

Чанаргүй зээлийг эргэлтэд оруулах хуулийн төслийг өргөн барина

Банкны салбарын тогтвортой үйл ажиллагаа зээлийн эрсдэл болон чанаргүй зээлийн удирдлагаас шууд хамааралтай болохыг судлаачид хэлдэг. Тэгвэл манай улсын тухайд банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ 2013 оноос хойш нэмэгдэж, цаашид ч өсөх хандлагатай байгаа нь, зохицуулалт нэхэж байгаа гэхэд болно.

Тэгвэл Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсээс чанаргүй зээлийн хөрөнгийг эргэлтэд оруулах “Активын удирдлагын компани” /АУК/ байгуулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан байна. 2015 оноос эхлэн судалгаа хийгдэж, боловсруулагдсан уг хуулийн төслийг Засгийн газраас дэмжжээ. Тиймээс энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар болжээ.

Хуулийн төсөлд тусгаснаар “Активын удирдлагын компани”-ийг 10 жилийн хугацаатай байгуулах бөгөөд төр-20 хувь, хувийн хэвшил 80 хувийн оролцоотой байх юм. Компани байгуулагдсанаар зээл олголт, санхүүгийн зуучлал нэмэгдэж, зарим зээлдэгчийг хамгаалах боломж олгох, банкны зардал буурах, түгжигдсэн хөрөнгүүдийг эргэлтэд оруулах зэрэг эерэг нөлөөлөл бий болох аж. Энгийнээр хэлбэл “АУК” нь банкнаас чанаргүй зээлд орсон хөрөнгүүдийг хямдруулсан үнээр худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулах юм.

Тодотгоход, чанаргүй зээлийн хэмжээ уул уурхай, боловсруулах үйлдвэр, барилгын салбарт өндөр байгааг Монголбанкны мэдээллээс харж болно.

Энэ оны тавдугаар сарын байдлаар чанаргүй зээлийн хэмжээ уул уурхайн салбарт 364 тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрт 271 тэрбум төгрөг, барилгын салбарт 222 тэрбум төгрөг байна. Эдгээр тооны цаана Монгол Улсын шүүхийн тогтолцоо аль болох зээлдэгчийн талд шийдвэр гаргадаг, зээл олгогч буюу банкуудыг хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдээгүйг харуулж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн чанаргүй зээлийн хэмжээ буурахгүй байгаа нь банкуудын зээлийн эрсдэлийн удирдлага хангалтгүй мөн зээл олгох, хянах стандарт хангалтгүй байгаатай холбогдож байна. Мэдээж эдийн засгийн орчин, нөхцөл хийгээд үүссэн чанаргүй зээлийг түргэн шуурхай шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбогдон тайлбарлагдаж байгаа юм.

Чанаргүй чанаргүй зээлийн хэмжээ хуримтлагдаж байгаа нь эргээд эдийн засагтаа сөргөөр нөлөөлж, иргэдэд очих зээлийн хэмжээг бууруулан, зогсонги байдал оруулах, ажилгүйдлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах, халамжийн зардлыг өсгөх, татварын орлогыг бууруулах зэрэг олон сөрөг дагавар дагуулж буй нь судалгаагаар тогтоогджээ. Иймд банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй активыг бууруулах, тус салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор Актив удирдлагын мэргэшсэн институци байгуулж, эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буйг хуулийн төслийг боловсруулагчид хэлж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close