Нийслэлийн статистикийн газраас 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэхүү зорилтын хүрээнд хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлж, мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд нийслэлийн нутийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой статистикийн тоон үзүүлэлтийг “инфографик мэдээлэл” болгон цувралаар гаргаж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд нийтийн номын сан, нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой инфографикийг гаргасан байна.
Энэ талаар нийслэлийн Статистикийн газрын ахлах мэргэжилтэн Н.Байгалмаа “Өмнө нь эдгээр статистик мэдээллийг цахим хуудас болон пэйж хуудсаар дамжуулан текст хэлбэрээр хүргэж байсан ч хэт албаны шинжтэй байсан тул иргэдэд төдийлэн хүрч чаддаггүй байсан. Харин энэхүү инфографик мэдээллийг фэйсбүүк хуудсандаа байршуулж, нийгмийн сүлжээгээр дамжуулж эхлэхэд иргэд ихээхэн анхаарал хандуулж, цааш олон хүнд түгээх хэрэгтэй гэсэн санал, сэтгэгдлүүд ирүүлсэн. Нийтийн номын сан, нийтийн тээврийн үйлчилгээний газрууд нь нийслэл хотын өдөр тутмын ажил амьдрал, үйлчилгээг тод харуулж байдаг томоохон салбарууд бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулахад иргэд өөрсдийн хувь нэмрээ шууд оруулах бүрэн боломжтой юм. Тиймээс бид нийтийн тээврийн үйлчилгээний 2017, 2018 оны статистикийн тоон мэдээллийн цувралыг А3 стикер дээр хэвлэн нийтийн тээврийн үйлчилгээний 950 гаруй автобусанд нааж, байршуулсан” гэв.
Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 2018 онд нийт 638 шалгагч 2 сая орчим зөрчлийг илрүүлжээ. Тухайлбал:
- 46 хувь нь бэлэн мөнгө төлж зорчсон
- 21 хувь нь хөлс төлөөгүй зорчсон
- 7 хувь нь насанд хүрэгчид хүүхдийн картаар зорчсон
- 1 хувь нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутны хөнгөлөлтийн картаар зорчсон зэрэг зөрчил гарчээ.
Эдгээр зөрчлийн улмаас нийтийн тээвэрлэлтийн орлого өмнөх оныхоос 12.9 тэрбум төгрөгөөр буурсан гэдгийг Статистикийн газрын ахлах мэргэжилтэн Н.Байгалмаа онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл, тээвэрлэгч аж ахуйн нэгж, нийслэлийн төсөвт төвлөрөх ёстой байсан мөнгөн орлого хувь хүнд очсон гэсэн үг юм.
“Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” зорилтын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой статистикийн инфографик мэдээллийг зургаадугаар сард багтаан хотын мэдээллийн 30 самбар, хөл хөдөлгөөн ихтэй автобусны 11 буудлын арын самбар, дижитал 6 дэлгэц дээр байршуулахаар болсон байна.
Мөн Статистикийн газраас сар, улирал, жил тутамд эмхэтгэн гаргадаг нийслэлийн эдийн засаг, нийгмийн статистикийн ном болон танилцуулгыг ЭНД дарж авах боломжтой.