ЭЕШ-ын дүнг шилэн технологиор шууд засах үйл ажиллагааг энэ жилээс нэвтрүүлж эхэлж байна. Их дээд сургуульд элсэгчдээс авах Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 09:00 цагаас орон даяар Монгол Улсын Түүхийн хичээлээр нэгэн зэрэг эхэлсэн.
Шилэн технологийн анхны үйл ажиллагааны хүрээнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр БСШУЯ-ны харьяа лаборатори 23 дугаар сургууль дээр ажиллалаа. Энэ жилийн хувьд төгсөгчдийн тоо харьцангуй цөөн байгаа учраас ЭЕШ авах байр 50 байсныг 32 болгон цөөлсөн бөгөөд 10 шалгалтын байр нь нийслэлд байрлаж байна. Энэ жилийн шалгалтын гол онцлог нь тухайн шалгуулагч шалгалт өгснийхөө дараа ямар үнэлгээ авснаа шууд харах боломжтой болж байгаа юм.
Нэг шалгалтын төвд нэг шууд засалтын машин байрлана. Шалгуулагчид шалгалтын материалаа бөглөсний дараа багш нар бүх шалгалтын материалыг битүүмжилж, засалтын тусгай өрөөнд авч ороод тухайн нэг ангид шалгалт өгсөн хүүхдүүдийн өмнө нэг нэгээр нь уншуулж дүн, оноог нь ил тод харуулах юм.
Азийн хөгжлийн банкнаас нийслэлийн Боловсролын үнэлгээний төвд 50 ширхэг шууд засалтын шилэн технологи бүхий машиныг хүлээлгэн өгсөн аж. Харин программ хангамжийг нь монголчууд өөрсдөө хийжээ. Уг техник нь цагт 2500 хуудас бүхий шалгалтын материалыг засах хүчин чадалтай юм байна. Мөн уншсан материал болгоныг хэвлэж, нууцлалын бар кодыг уншина.
ЭЕШ-ыг шууд засахтай холбоотойгоор хариултыг зөвхөн зөөлөн харандаагаар бөглөх тул нэгдсэн журмаар ширээн дээр харандаа тарааж байрлуулсан байна.
Өнгөрсөн жил шууд засалтын машиныг Дархан, Ховд аймгуудад туршихад үзгээр бөглөсөн хариу уншигдаагүй аж. Тиймээс шалгуулагчид үүнийг сайтар анхаарах хэрэгтэй.
Ийнхүү Боловсролын үнэлгээний төв Монгол Улсын боловсролын салбарын 100 жилийн түүхэнд анх удаа ЭЕШ-д шууд засалтын шилэн технологийг нэвтрүүллээ.