Гадаад харилцааны сайдын урилгаар энэ сарын 15-17-ны өдрүүдэд Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосноос хойшхи 47 жилийн хугацаанд Японы Гадаад хэргийн сайд дөрөв дэх удаагаа Монгол Улсад айлчилсан бөгөөд хамгийн сүүлийн айлчлал 9 жилийн өмнө болж байжээ.

Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар ням гаригийн (2019.06.16) өглөө хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, өндөр дээд түвшний итгэлцсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон хэмээн хоёр тал онцлов. Энэ удаагийн яриа хэлэлцээрийн дүнд дараах асуудлуудыг идэвхитэй хэрэгжүүлэхээр болжээ.

ОУВС-тай хэрэгжүүлж буй хөтөлбөрийн 2 дугаар шатны санхүүжилтийг ойрын хугацаанд олгох тал дээр ажиллахаар болжээ

Хоёр тал боловсролын түншлэлийг хөгжүүлэх асуудлаас гадна, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээг илүү идэвхжүүлэх тал дээр ач холбогдол өгсөн байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ “Хоёр тал Монгол Улсын Засгийн газрын ОУВС-тай хэрэгжүүлж буй хөтөлбөрийн 1 дүгээр шатыг амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглээд, 2 дугаар шатны санхүүжилтийг ойрын хугацаанд олгох тал дээр ажиллахаар болсон” гэв.

Японы Гадаад хэргийн сайд Коно Таро харин “Ард иргэдийн оролцооны салбарт ур чадвартай ажилтныг Япон Улсад гэрээгээр ажиллуулах боломжийг бүрдүүлж, Монголын залуу албан хаагчийг Японд урьж, аспирант, доктрантурт сургах бодлогыг тууштай хэрэгжүүлж, Монголын залуучууд, хүний нөөцийг хөгжүүлэх сонирхолтой байна” гэлээ.

Экспортыг нэмэгдүүлэх асуудал Монголчуудын анхаарлын төвд байна

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бол хоёр орны харилцааны чухал асуудлын нэг. Энэ хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдсэн. Гэсэн хэдий ч Монголын экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн харилцааг тэнцвэржүүлэх хүсэлтэй байна. Үүнд Японы талаас тусламж, дэмжлэг үзүүлж, Монголын бизнесмэнүүдийг дэмжиж ажиллах саналыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тавьжээ.

Шинэ нисэх онгоцны буудал зөвхөн бүс нутгийн агаарын замыг холбох үүрэг гүйцэтгэхгүй

Удахгүй ашиглалтад орох Улаанбаатар хотын шинэ Нисэх онгоцны буудлыг монголчууд Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулсан. Нисэх буудлыг ашиглах шинэ менежментийн концессын гэрээг Японы талтай үзэглэсэн байгаа.

Харин одоо нисэх буудлыг аль болох хурдан хугацаанд ашиглалтанд оруулах тал дээр хоёр тал анхаарч ажиллахаар тохиролцсон байна. Японы Гадаад хэргийн сайд Коно Таро мэдээллийн үеэр “Шинэ нисэх онгоцны буудал зөвхөн бүс нутгийн агаарын замыг холбох төдийгүй Монголын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах тийм чухал төсөл. Тийм учраас шинэ нисэх онгоцны буудлыг аль болохоор хурдан ашиглалтанд оруулахын тулд төр засаг, хувийн хэвшил хамтраад ажиллаад явах саналтай байгаагаа дурдаж байв.

Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдэхэд Монгол Улс зуучлалын үүрэг гүйцэтгэнэ

Гадаад харилцааны сайд нарын уулзалтаар хөндөгдсөн сэдвийн нэг нь бүс нутгийн аюулгүй байдал, Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудлууд багтжээ. Японы Гадаад  хэргийн сайд Коно Таро Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг ойрын хугацаанд шийдэхийн тулд Монгол Улстай нягт хамтран ажиллах тал дээр санал нэгдсэн гэдгээ хэлж байна.

Энэ асуудал өнгөрсөн онд Япон Улсад хийсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр ч мөн хөндөгдөж байсан бөгөөд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ хулгайлагдсан иргэдийн асуудлыг хурдан шийдэхэд Монгол Улс зуучлалын үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байсан юм.

 Монгол-Японы сургалтын эмнэлгийн нээлтэд оролцлоо

Ням гаригийн үдээс хойш Гадаад харилцааны сайд нар Япон Улсын Засгийн газрын тусламжаар баригдсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн дэргэдэх орчин үеийн шинжлэх ухааны ололтод тулгуурласан, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий Монгол-Японы сургалтын эмнэлгийн нээлтэд оролцлоо.

Мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг 17 чиглэлийн төрөлжсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх Монголын анхны их сургуулийн дэргэдэх эмнэлэг болох энэ төвийг барьж байгуулах анхны хэлэлцээр хоёр улсын Засгийн газар хооронд 2012 оноос эхлэн яригдаж байв.

Сургалт-судалгаа-оношилгоо гэсэн эмчилгээний гурвалсан чиглэлээр үйл ажиллагаа явуулах энэ эмнэлэг Япон стандартын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна залуу эмч нарын сургалт, эмнэлгийн үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой зүйл болж байна гэж Япон Улсын Гадаад хэргийн сайд өгүүлсэн юм.

Ирэх долдугаар сард Консулын анхдугаар уулзалт болно

Гурван жилийн дараа буюу 2022 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох юм. Энэ ойг хоёр тал соёл урлаг, биеийн тамир, спортын чиглэлээр нэлээн өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохирчээ. Мөн иргэд хоорондын харилцаа эрс нэмэгдсэнийг харгалзан энэ оны долдугаар сард Консулын анхдугаар уулзалтыг хийхээр ярилцсан байна.

Өнөөдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-г “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.

Д.ОТГОО

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн