“Монголын зэс” компанийн “Эрдэнэт”-ээс гаргуулсан мөнгөний мөрөөр…

[starbox]
Өнөөдөр 09.00 цагт эхлэх ёстой байсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаан дээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга “Эрдэнэт” үйлдвэрийн талаар УИХ-аас гаргасан 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийх байв. Гэвч УИХ дахь намын бүлгүүдийн хурал дуусаагүй тул асуудлыг хараахан хэлэлцэж амжаагүй байна. Энэ удаа 2016 онд “Монголын зэс” компанийн “Эрдэнэт”-ээс гаргуулсан их хэмжээний мөнгө, үрлэг зарлагаас түүвэрлэн хүргэе.
“Эрдэнэт” үйлдвэр 2016 онд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ төлөвлөж байснаас 405.5 ам.доллараар доогуур байсан ч 67.1 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллаж, төлөвлөгөөгөө 76.2 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Уулын баяжуулах үйлдвэрийн дансанд төвлөрсөн 401.22 сая ам долларын 376.79 сая нь зэсийн баяжмалаас 24.43 сая нь молибдены борлуулалтаас орсон байна.
Гэвч мөн онд үйлдвэр борлуулалт маркетингийн болон ерөнхий удирдлагын нийт 22 нэр төрлийн зардлыг хэтэрхий өсгөсөн байжээ. Өссөн зардлуудыг ашиглалтын зардал, тээврийн зардал, хүлээн авалтын зардал, зар суртчилгааны зардал, түүхий эд материалын зардал эзэлж нийт дүнгээр 247.8 тэрбумд хүрчээ. Үүнээс гадна өнгөрөгч онд үйлдвэрийн хэмжээнд торгууль алданги төлөх, хууль зүйн үйлчилгээ, судалгаа шинжилгээнд их хэмжээний мөнгө зарцуулсан гэнэ.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2015 оны жилийн эцсийн тайлангаар Ногдол ашгийн өглөг 111.430.908.236 төгрөг байсныг 2016 оны жилийн эцсийн тайлангаар үлдэгдэлгүй хэмээн тайлагнасан байна.
Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдлийн 49 хувийг худалдан авсан “Монголиан коппер корпорэйшн” компанийн захирал Пүрэвтүвшин 2016 оны долдугаар сарын 8-нд нэхэмжлэх хүргүүлэх тухай 25/2016 тоот илгээж “Манай компани нь Монгол улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын хувьцаа эзэшигч “Ростех” улсын корпорациас Эрдэнэт” үйлдвэр ХХК-ний 49 хувийг худалдан авсан. Тус гэрээнд заасны дагуу “Эрдэнэт” үйлдвэрээс Оросын талын хувьцаа эзэшигчид олгохоор зарласан боловч төлөгдөөгүй байгаа 2013 оны ногдол ашгийн 8.685.239.13 ам долларын авлагыг шилжүүлэн авсан. Иймд дээрх ногдол ашгийн төлбөрийг манай компани руу нэхэмжлэлийн дагуу төлнө үү” гэсэн албан тоотыг ирүүлсэн байх юм.
Үүний дагуу 2016 оны долоодугаар сарын 25-нд Оросын талын хувьцаа эзэшигчид олгохоор зарласан гэх ногдол ашгийн төлбөр болох 8.685.239.13 ам доллар буюу 17.798.660.549.1 төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, ерөнхий нягтлан бодогч Д.Пүрэвсүрэн нар “Монголиан коппер корпорэйшн” компанийн Худалдаа хөгжлийн банкин дах 499240765 тоот дансанд шилжүүлсэн байна. Энэ өдөр ам.долларын ханш Монгол банкны 2.049.3 төгрөг байсан аж.
Түүнчлэн 2016 оны наймдугаар сарын 12-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Улаанбаатар дах Худалдаа хөгжлийн банкны данснаас “Монголиан коппер корпорэйшн” буюу “Монголын зэс” компани 2012 оны ногдол ашиг гэж 47.142.428.60 ам долларыг дахин шилжүүлэн авсан байна. Ингэхдээ ам.долларын ханшийг 1986.15 төгрөгөөр тооцсон аж. Шилжүүлсэн мөнгө нийтдээ 93.632.247.687 төгрөгтэй тэнцэж байгаа юм.
Гэвч тухайн өдөр ам.доллар Монгол банкны ханш 1 ам.доллар=2169.44 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд “Монголиан коппер корпорэйшн” компани зөвхөн ханшийн зөрүүгээс их хэмжээний ашиг олсон байх юм. “Эрдэнэт” үйлдвэрт эзэн суусан 1.5 сарын хугацаанд тус компани зөвхөн Оросын талын хувьцаа эзэмшигчид олгохоор 2012, 2013 онд зарласан боловч олгоогүй байсан гэх ногдол ашгийн төлбөрт 55.827.667.73 ам.долларын хууль бус ашиг олжээ.