Зүрхний төрөлхийн гажигтай зургаан хүүхэд БНСУ-ын Данвон эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлхээр болжээ. Хүүхдүүд ирэх зургадугаар сард хагалгаанд орох бөгөөд удахгүй тус улсыг зорих юм байна.
Солонгосын “Сэлвэшн Арми”-ын Монгол дахь төлөөлөгчийн газрынхан 2008 оноос өөрийн улсын Данвон эмнэлэгтэй хамтран зүрхний төрөлхийн гажигтай 67 хүүхдийн мэс заслын зардлыг нь даан эмчлүүлж буй юм.
Эрүүлмэндийн сайд А.Цогцэцэг “Сэлвэшн Арми”-ын төлөөлөгч болон хүүхдүүдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Эрүүлмэндийн сайд хэлэхдээ “Манай улсын хүүхэд багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст гар бие оролцон идэвх зүтгэл гаргаж байгаа “Сэлвэшн Арми”-ын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, цаашид Монгол улсад зүрхний мэс засал хийх боломж бололцоог бэхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Эмчилгээнд орох гэж буй хүүхдүүд Өвөрхангай, Төв аймаг болон Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүрэгт амьдардаг. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тэдэнд эрүүл саруул болоод эх орондоо ирэхийг ерөөж гарын бэлэг гардуулсан юм.
Эх сурвалж: ЭМЯ