-Тэрбээр Brexit-тэй холбоотойгоор улс төрд орж байгаа гэнэ-
1997-2007 онд Их Британийн Засгийн газрыг толгойлж байсан, Ерөнхий сайд асан Тони Блэр Нэгдсэн Вант улсаа Европын холбооны бүрэлдэхүүнээс гарч байгаатай холбоотойгоор сэтгэл нь түгшиж, улс төрийн амьдралдаа эргээд идэвхтэй орж байгаагаа зарлалаа. Түүний “Brexit надад улс төрд илүү идэвхтэй оролцох шалтгаан боллоо. Би түүхэн энэ мөчид дуугүй сууж чадашгүй нь” хэмээн хэлснийг “Mirror” сонин дамжуулжээ.
Блэрийн үзсэнээр Brexit нь бүхэлдээ, бас Европын холбоо, Их Британи хоорондын чөлөөт худалдааны зөвшилцлийн зарим хэсэг нь тус улсад хохирол учруулах эрсдэл үүсээд байгаа гэнэ. Түүний хувьд өнгөрсөн хоёрдугаар сард улсаа Европын холбоонд үлдэхийг дэмжиж үг хэлсэн. Тухайн үед тэрбээр британичуудаа Brexit-ийн талаарх санаа бодлоо өөрчлөх эрхтэй байх ёстой гэж байв.
Их Британи улс Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах эсэх асуудлаарх бүх нийтийн санал хураалт өнгөрсөн оны зургаадугаар сарын 23-ны өдөр болсон. Санал асуулгаар британичуудын 51.9 хувь нь евро интеграцийг дэмжсэн билээ.
Харин энэ оны гуравдугаар сарын 29-нд Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Европын зөвлөлийн тэргүүн Дональд Тускт холбооноос гарах үйл явцаа эхлүүлж буй тухай албан захидал илгээсэн юм. Энэ үеэс Европын холбооны тухай Лиссабоны гэрээний 50 дугаар зүйл буюу дээрх үйл явцыг эхлүүлсэн байна. Харин хоёр жилийн хугацаатай хэлэлцээрийн үйл явц зургаадугаар сарын 8-нд парламентын ээлжит бус сонгуулийн дараа эхлэх аж.
Э.МӨНХЗАЯА