Өнөөдөр буюу тавдугаар сарын 01-ний үдээс хойш Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хүчтэй салхи хөдөлж агаарт маш их тоосжилт, шороо үүсгэсэн байна.
Энэ талаар Замын-Үүд сумын цаг уурын техникч С.Адьяасүрэнгээс тодруулахад, “Замын-Үүд суманд тавдугаар сарын 01-ний үдээс хойш 16.42 минутаас 17 цаг 46 минут хүртэл нэг цаг 04 минутын хугацаанд хүчтэй салхи салхиллаа. Салхины хурд 10 минутын дунджаар үзэхэд 14 метр секунд хүрсэн.
Харин цаг уурын мэргэжилтнүүдийн хэлж заншсан “Нөөлөг” буюу хүчтэй салх үе үе хөдөлж зарим үед 18 метр секунд хүрсэн. Энэ бол богино хугацаанд маш хурдтай үүсээд эргээд тогтдог салхийг хэлдэг. Газрын гадарга дээр байгаа сул тоосыг хүчтэй салхи дээш нь хөөргөөд босгоод ирдэг үзэгдэл.
Салхины хурд 15 метр секунд хүрсэн тохиолдолд гамшигт үзэгдлийн хэмжээнд авч үздэг. Гэхдээ хүчтэй салхи, аюулт үзэгдлээс болж ямар нэгэн гамшиг, осол болсон гэх мэдээлэл бидэнд ирээгүй. Одоо 19 цаг 50 минут болж байна.Салхины хурд тогтворжиж найман метр секунд байна” гэв. Дашрамд дурдахад Замын-Үүд суманд элсний нүүдэл, цөлжилтөөс шалтгаалж үе үе хүчтэй шороон шуурга шуурдаг байна.
Эх сурвалж dornogovipost.mn