[starbox]
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “CBS” сувгийн “Ард иргэдэд хандах нь” хөтөлбөрт ярилцлага өгөх үеэрээ Ким Чен Уныг нас залуу, цус шингэн байхдаа засгийн эрхийг гартаа авсан, өөрийг нь дөнгөчих туршлагатай бурхинуудаар хүрээлүүлсэн ч засаглалаа алдаагүй нөхөр гэж тэмдэглэжээ.
“Хүмүүс түүнийг хэвийн хүн мөн үү гэж асуудаг. Энэ талаар надад ямар ч ойлголт алга аа. Гэвч тэр эцгийгээ нас барахад 26-27 настай, маш залуу байсан. Ингээд тэр генералууд гээд том том бурхинуудтай учраа олох хэрэг гарсан. Тэгээд залуу хүн хэрнээ засаглалаа тогтоож чадсан. Олон хүн, тухайлбал түүний авга ах түүнээс засаглалыг нь булааж авахыг оролдож байсан гэдэгт би итгэдэг. Гэхдээ тэр засгийн эрхийг өөртөө тогтоож чадсан. Тиймээс тэр овоо ухаантай залуу гэдэг нь илт байна” хэмээн АНУ-ын төрийн тэргүүн үнэлжээ.
Ким Чен Уны авга ах Чан Сон Тхэк төрийн эргэлт хийх гэж оролдсон хэргээр буруутгагдаж, 2013 оны арванхоёрдугаар сард 67 насандаа цаазлуулсан юм. Энэ бол Ким Чен Уныг төрийн эрхэнд гарснаас хоёр жилийн дараа болсон үйл явдал билээ. Үүнээс өмнө Чан Сон Тхэк нь түүний ойрын зөвлөх, БНАСАУ-ын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтаж байсан аж.
Яг л шатар тоглохтой адил
Хойд Солонгос улс өнгөрсөн бямба гарагт Пхеньянаас хойшоо бас нэг баллистик пуужин хөөргөсөн билээ. Өмнөд Солонгосоос туршилт амжилтгүй болсон, БНАСАУ-ын газар нутагт пуужин унасан гэж мэдээлсэн байна. Харин Пхеньянд үзүүлэх АНУ-ын хариу үйлдэл ямар байх тухай асуухад Ерөнхийлөгч Трамп энэ сэдвээр ярихыг хүсэхгүй байна гэжээ. “Бид юу хийх төлөвлөгөөтэй байгаагаа ярих ёсгүй. Энэ бол яг л шатар тоглохтой адил зүйл. Би юу бодож байгаагаа ойлгуулахыг хүсэхгүй байна шүү дээ” хэмээжээ.
Гэхдээ тэр Хойд Солонгосын асуудлыг цэрэг дайны замаар шийдвэрлэхийг ч үгүйсгэсэнгүй. Хойд Солонгос, АНУ-ын харилцаа сүүлийн хэдэн долоо хоногт тун ээдрээтэй байгаа билээ. Хойд Солонгос баллистик пуужингийн туршилтуудыг хийсээр байгаа нь хөрш Өмнөд Солонгос, Япон улс төдийгүй АНУ-ын дургүйцлийг ч төрүүлж байгаа юм.
Вашингтоны үүний хариу болгож, Солонгосын хойгийн эрэг рүү “Карл Винсон” онгоц тээгч хөлөг онгоцоо чиглүүлсэн. АНУ-ын энэхүү сүрдүүлгийн хариуд Хойд Солонгосын засаг захиргаа хариу цохилт хийхэд бэлэн гэж мэдэгджээ. Тэр ч бүү хэл БНАСАУ-ын төрийн хэвлэл мэдээллүүдээр “Карл Винсон”-ыг живүүлсэн байж магадгүй гэж мэдээлсэн байна.
1 comment
овоо ухаантай бишээ, овсгоотой сэргэлэн эр гсэн юм. Залуухандаа засаг аваар авга нараа зайлуулсан их эр ээ гэсэн утгаар Трамп ярьжээ