Ч.ЗОТОЛ
“Хардаг нүд гэмээнэ
Цавчихыг нь мартаж өмгөөлсөн
Хальдаг амь гэмээнэ
Үхэхийг нь мартаж өмөөрсөн…” хэмээн эх орны торгон хилийн тухай гал цогтой мөрүүд Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн гуайн “Хил дээр бичсэн шүлэг”-т бий.
Эх орноо, хайртай бүхнээ хамгаалж хилээ манаж яваад ирсэн хилчин дайчид өчигдөр энэ л гал халуун мөрүүдийг уншиж, омогшиж, огшин байв. Энэ бол Хил хамгаалах ерөнхий газрын харъяа, Зүүн бүсийн ангиудын 2016 оны нэгдүгээр ээлжийн хилчин байлдагчид хугацаат цэргийн албанаас халагдаж буй дүр зураг.
Хуучнаар бидний “Дамжин” хэмээн товчхон нэрлэж асан, өдгөө “Цэрэг татах, халах төв” –д болсон ёслол ийм сүрлэг, бахархам, бас эр хүн болж төрсөн нь байтугай тэнд ирсэн хүн бүгд цэргийн албанд дурлам байдалд болж өнгөрлөө.
Нээлтийн ёслолд хүрэлцэн ирж үг хэлсэн ХХЕГ–ын штабын дарга эх орны дөрвөн зүг найман зовхис, үүдэн хил болсон Замын–Үүд, Ардын хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ, дарийн утаа үнэртсэн домог, түүхт Халх гол болон Эрийн хийморь шингэсэн Сүхбаатарын Онгон, Эрдэнэцагааны отрядад албаа хаагаад ирсэн хилчин байлдагчдаараа, хил хамгаалах байгууллагынхаа гавьяагаар бахархаж байсан.
Хилийн 0306 дугаар ангийн захирагч, хурандаа Е.Болдбаатар Засгийн газрын тогтоолоор халагдаж буй хугацаат цэргийн албан хаагчдынхаа тухай “Цэргийн алба хаана гэдэг хүн бүхний хүсэн мөрөөдөж явдаг, тэр тусмаа хил хамгаалах байгууллагад, хил дээр үүрэг гүйцэтгэнэ гэдэг эр хүн болгоны, залуучуудын маань мөрөөдөл байдаг.
Сүүлийн үеийн залуус цэргийн алба хаах сонирхол их болсон нь бахархууштай. Цэргийн нөхөрлөл бол мөнхийн нөхөрлөл. Тиймээс албаа хаагаад ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид маань нэг дор байж ижилдэн дассан учраас цаашид ч бие биеэ дурсч, нөхөрлөж яваасай гэж хүсч байна.
Албаа хаагаад ирж байгаа хилчин дайчиддаа цаашдынх нь амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Цэргийн алба хүнд тэсвэр хатуужил, амьдрах ухаан, олон зүйлийг сургадаг том сургууль байдаг.
Мөн “Азтай хөвгүүд хилд алба хаадаг” гэсэн сайхан үг бас бий. Залуустаа цэргийн албаа хаагаарай, тэр тусмаа хил хамгаалах байгууллагад ирж албаа хаагаарай гэж хүсье” хэмээн сэтгэл хөдлөн өгүүлж байв. Халуун, дулаан, хайрлам, баярлам тэрхүү агшныг дүрсэлж бичихээс илүү үйл явдлын халуун өрнөл дундах гол баатруудын сэтгэгдлээр хүргэвэл уншигч таны сэтгэлд илүү тод буух биз ээ.
Хил хамгаалах байгууллагын зарим удирдлага, цэргээс халагдаж ирсэн хүү, тосч авсан ээж, аавын сэтгэгдлийг тоймлон хүргэе.
Ж.Болд /Төв аймгийн иргэн/: НЭГ ЖИЛИЙН АЛБА НЭЛЭЭД УРТ САНАГДЛАА
–Сэлэнгийн хил дээр алба хаасан хүү П.Нэргүйгээ угтаж авлаа. Эх хүний хамгийн баяртай үйл явдал энэ лбайдаг юм байна. Сэтгэл догдлоод шөнө унтсангүй. Өглөө эрт хүүгээ тосохоор ирсэн, гэрт тогтох арга алга.
Цэргийн алба хүнийг цэгцтэй, журамтай болгож, амьдралын хамгийн эхний шатыг мэдрүүлж өгдөг. Өөртөө итгэхитгэлтэй болгодог.Хүү минь 10 жилийн сургуулийн ширээний араас цэрэгт татагдсан. Нэг жилийн өмнө хүүгээцэргийн албанд үдэж өгч байсан, албаа нэр төртэй сайн хаагаад ирэхэд нь үнэхээр сэтгэл хөдөлж, баяслаа.
Хилийн цэргийнхний амьдралыг мэдэрч, эх орныхоо сайхан байгалиар бахархаж, хайрлах сэтгэл дүүрэн иржбайгааг нь бодохоос сэтгэлд гэгээ татаж байна.
Б.Зандмаа /Төв аймгийн иргэн/: ХҮҮ МААНЬ ЗОРИЛГОТОЙ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БОЛЖЭЭ
– Хүү С.Ууганбаярыгаа цэргийн албанаас угтаж авлаа. Хөдөө мал маллаж өссөн хүү минь анхны зарлан ирэхэдцэргийн албанд явж, цаашлаад цэргийн хүн болж гэрээт хилчнээр үлдэх шийдвэр гаргаад иржээ.
Гэрээсээ холдожүзээгүй жаахан хүү минь том эр болж, амьдралынхаа замыг сонгожээ. Цэргийн алба хүнийг ингэж өөрчилж, өөртөө итгэх итгэлийг бий болгодог юм байна. Багаасаа цэргийн хүн болно гэж мөрөөдсөн мөрөөдлийг ньдэмжинэ.
Э.Ууганбаяр /түрүүч/: ХИЛД АЛБА ХААХ ЭР ХҮНИЙ БАХАРХАЛ ЮМ
–Эр хүний хийморийн шүтээн болсон алдарт Шилийн Богд, Төрийн тахилгат Алтан–Овоо орчмын хилийн зурвасыг хариуцан хамгаалдаг Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Монгол Улсын Баатар эх оронч Чойн Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт хилийн 0184 дүгээр ангид цэргийн албаа хаагаад ирлээ.
Олон аавын хүүтэй алба хааж нөхөрлөлийн үнэ цэнэ, эвтэй байхын ухааныг мэдэрлээ. Хилийн манаанд өдөр, шөнөгүй явж халуунд халж, хүйтэнд хөрч, тэсвэр тэвчээрт суралцлаа. Хайртай эх орон, гэр бүлийнхээ төлөө, тэднийгээ хамгаалан хилээ манаж явна гэдэг эр хүний бахархал юм. Үеийн нөхөд, дүү нартаа цэргийн албаа нэр төртэй хаагаарай. Эр хүн болж төрсний бахархал юм шүү гэж хэлье.