Родриго Дутерте, Дональд Трамп нар харилцан бие биедээ айлчлахаар тохиролцжээ. Ингэхдээ Америкийн төрийн тэргүүн Филиппиний Ерөнхийлөгчийг Цагаан ордонд хүрэлцэн ирэхийг уриад, харин өөрөө ирэх намар Манила хотод очихоор төлөвлөж байна. Өнгөрсөн онд муудсан хоёр орны харилцаа ийнхүү сайжрах төлөвтэй байгаа бөгөөд Дутерте АНУ-ын шинэ Ерөнхийлөгчид илт тал засаж, харин Трамп Филлипинийг хар тамхичидтай хийж буй тэмцлийг нь шүүмжлэх бодолгүй байна.
Вашингтонтой өнгөрсөн онд сөргөлдсөнийхөө ачаар Дутерте Орос, Хятадтай харилцаагаа сайжруулсан. Тиймээс тэрбээр өдгөө БНХАУ-тай газар нутгийн маргаанаараа цэг тавихаар төлөвлөжээ. Түүнчлэн ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотыг ч нутагтаа урьсан байна. Тэгвэл Родриго Дутерте гурван том гүрэнтэй нэгэн зэрэг холбоо тогтоож чадах болов уу.
АНУ ба Филиппин
АНУ, Филиппиний харилцаа Барак Обамагийн үеэс хойш илт сайжирч байна. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте АНУ-ын шинэ тэргүүнээр Дональд Трамп сонгогдсоны араа хамгийн түрүүнд баяр хүргэж утасдсан хүмүүсийн нэг юм. Тэгвэл тэд өнгөрсөн сарын 29-нд дахин утсаар холбогдож, тун нөхөрсөг уур амьсгалд ярилцжээ.
Трампын хувьд Филиппиний төрийн тэргүүнийг хар тамхины эсрэг томоохон аяныг улс орондоо явуулж байгаад нь шүүмжлэх биш, харин ч эсрэгээрээ “Филиппиний засаг захиргаа хар тамхичдаас салах тэмцэл өрнүүлж байна, зөв юм хийж байна” хэмээн үзэх хандлагатай байгаа гэнэ.
Тус улсын засаг захиргаа хар тамхины худалдаа эрхэлсэн хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийг ямар ч шүүх ажиллагаагүйгээр буудан хороож, амиа алдагсдын тоо хэдэн мянгад хүрээд байгаа юм. Дутертегийн хувьд хар тамхийг ор үндэсгүй болтол нь устгах амлалт өгч гарч ирсэн Ерөнхийлөгч. Үүнээс өмнө Давао хотын 22 жилийн турш удирдсан тэрбээр гэмт хэрэгтэй тун харгис, хатуу аргаар тэмцдэг байснаараа дэлхий нийтэд алдартай.
Дутерте Барак Обамагийн засаг захиргааны үед өөрийг нь буруу зүйл хийж байна гэж шүүмжилж, дарамт шахалт үзүүлэхэд огт тоогоогүй төдийгүй тусгаар тогтносон улсын дотоод хэрэгт оролцлоо гээд илт дургүйцлээ илэрхийлдэг байжээ. Тэр ч бүү хэл өнгөрсөн есдүгээр сард Америкийн төрийн тэргүүн Лаосын уулзалтад Филиппинд хүний эрх зөрчигдөж буй асуудлыг хөндөх гэж байгааг мэдмэгцээ Дутерте Барак Обамаг “гичийний хүү” хэмээн доромжилсон билээ.
Түүнээс гадна тухайн сард Вашингтоныг Филиппинд байрладаг цэргийн төлөөлөгчдөө бүгдийг нь гаргахыг шаардсан байна. Манила, Вашингтоны зөрчилдөөн улам нэмэгдсээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Филиппиний Ерөнхийлөгч Америкийн дипломатчдыг Филиппинй нөхцөл байдлыг тогтворгүй болгохоор ажилладаг тагнуулууд хэмээн нэрлэжээ.
БНХАУ ба Филиппин
Өнгөрсөн оны сүүлчээр Манила Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудын эзэмшлийн маргаантай байдаг Бээжинтэй харилцаагаа илт сайжруулж эхэлсэн. Родриго Дутерте БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй хувийн яриа өрнүүлэх үеэрээ зөрчилдөөнөөс ойрын нөхөрлөлд шилжихэд бэлэн гээд ингэхийн тулд Филиппин маргаантай арлуудын асуудлаа цэгцлэх боломжтой гэжээ.
Өмнөд Хятадын тэнгист байдаг Спратли, Параселийн арлууд нь Хятад болон Вьетнам, Бруней, Малайз, Филиппин зэрэг бүс нутгийн орнуудын газар нутгийн эртний маргааны сэдэв болдог. Тэгвэл өнгөрсөн оны долоодугаар сард Гааг дахь хөндлөнгийн шүүхийн Байнгын танхимаас Бээжинг маргаантай арлуудын усанд үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан аж.
Тэгвэл Филиппиний Ерөнхийлөгч өнгөрсөн арванхоёрдугаар сард шүүхийн шийдвэрийг анхаарч, БНХАУ-ын засаг захиргааг газар нутгийн асуудлаар “түгшээхгүй” гэж мэдэгджээ. Ийнхүү Манила өмнө нь амласандаа хүрдэг гэдгээ харуулахаар шийджээ. Тодруулбал, Хятад, Филиппин хоёр улс өмнө нь 13.5 тэрбум ам.долларын 13 гэрээ байгуулсан. Энэ бол 2015 оны ДНБ нь 292 тэрбум ам.доллар байсан Филиппиний хувьд асар их мөнгө.
ОХУ ба Филиппин
Филиппиний Ерөнхийлөгч Бээжингээс гадна Москватай харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах ёстой гэж үзжээ. Оросын “Адмирал Тубиц” завь эсэргүүцэгч хөлөг онгоц өнгөрсөн нэгдүгээр сард Манилад ирэхэд Родриго Дутерте Оросын ямар ч цэргийн хөлөг онгоц хүссэн үедээ Филиппиний боомтод ирж болно гэсэн билээ. Үүнээс гадна Хятадын цэргийн хөлөг онгоцонд ч ийм эрх олгосон. Үүнээс гадна Орос, Филиппин ойрын хугацаанд батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах төлөвтэй байна.
Э.МӨНХЗАЯА