Ноолуурын үйлдвэрлэл нэмэгдэх нь байгаль орчинд хохирол учруулдаг тул дэлхийн брэндүүд ноолуур гаргах авах шинэ эх үүсвэр байх, эсвэл түүнээс татгалзах арга хэмжээ авч эхэлсэн тухай Dow Jones агентлагт бичжээ.
Ноолуурыг ноолуурын үүлдрийн ямаанаас гарган авдаг. Тэгвэл энэ үүлдрийн ямааны тоо толгой дэлхийн ноолуурын зах зээлийн 90 хувийг хангадаг Хятад, Монголын нутаг дэвсгэрт эрс нэмэгджээ.
Нэгэн цагт хомсдолд ордог байсан ноолуур өдгөө масс маркет буюу нийтийг хамарсан зах зээлийн чиглэлийн компаниудад хангалттай хямд түүхий эд болж, хэдэн тэрбумын ашиг олох аятайхан нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ хэрээр хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.
Энэ чиглэлийн мал Монгол, Хятадын тал нутагт хэдэн саяараа бэлчиж, бэлчээр талхалж эхэлсэн. Үүний улмаас нийт бэлчээрийн 60 хувийг доройтуулж, ихэнх нутаг нь цөлжсөн гэж Монгол Улсын засаг захиргаа мэдээлж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хувцас үйлдвэрлэгчид арга хэмжээ авч эхэлжээ. Европтоо хувцасны сүлжээгээрээ хоёрдугаарт ордог Шведийн Hennes & Mauritz AB (H&M)-ээс ноолуурын хэрэглээг багасгаж, 2020 он гэхэд коллекциосоо ноолууран эдлэлийг бүрмөсөн хасна гэж мэдээлжээ. Gucci-гийн холдинг компани Kering SA монгол малчдыг хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөөгүйгээр мал маллахыг уриалах зорилготой төслийг дэмжин ажиллаж байна. Харин Stella McCartney, Patagonia компаниуд ямааны ноолуураас татгалзаж, үүнийгээ ноолуурын ашиглагдаагүй үлдсэн хэсгээр орлуулдаг болжээ.
“Цаашид ноолуур гаргаж авах үйл явц хүрээлэн буй орчинд хор хохирол учруулах нь илүү багасна гэж найдаж байна. Бид илүү ил тод, хариуцлагатай салбар байгуулахад хувь нэмрээ оруулахыг хүсч байна” гэж H&M-ээс мэдэгджээ.
Ноолуурын өсөлттэй зэрэгцээд түүний хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө нь төр засаг төдийгүй байгаль хамгаалах байгууллагуудын ч анхаарлыг татаж байна. Компаниуд байгаль, амьтдад сөрөг нөлөөтэй нийлүүлэлтийн гинжин хэлхээг илүү хурцаар шүүмжилж, илүү идэвхтэй арга хэмжээ авдаг болсон.
Энэ дагуу РЕТА-гийн амьтан хамгаалах байгууллагаас Хятад, Монголын бойны газар, үйлдвэрүүдэд явуулсан шалгалтаараа амьтдад харгис хэрцгий хандаж байна гэсэн дүгнэлт гаргасны дараа H&M-ын удирдлагууд ноолууран эдлэлээс татгалзах шийдвэрээ гаргажээ.
“ASOS энэ шинэ судалгааны үр дүнг илгээсний дараа РЕТА-тай хэлэлцээд ноолуурыг хориглосон. Энэ компани ноолуурын үлдсэн бүх нөөцөө сайтаасаа авч, сүүлчийн алхмаа хийсэн. Айж сандарсан ямааны ноолуурыг урж, дараа нь амьтныг алхаар цохиж хөнөөдөг. Энэ бүгд ноолууран цамц, ороолт хийх арга юм. РЕТА бөөний бүх худалдаачдыг H&M, ASOS-ын жишээг дагаж, ноолуураасаа татгалзахыг, хэрэглэгчдийг харгис аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг лангуун дээр нь үлдээхийг уриалж байна” хэмээн РЕТА-гийн захирал Элиза Аллен мэдэгджээ.
Ноолуур үйлдвэрлэлийн үед нийлүүлэлтийн сүлжээний ярвигтай бүтэц гардгаас болж брэндүүд ноолууран утас авдаг нийлүүлэгчдийг дэмждэг үү, байгаль орчны стандартыг хангасан уу, амьтан хамгаалж байна уу гэсэн асуудлуудыг мэдэж чаддаггүй. Дээр нь Хятадын бүрэлдэхүүнд багтдаг Өвөрмонголын нутаг дэвсгэрт гадаадын бизнесийг хязгаарладгаас болж нийлүүлэлтийн сүлжээний тухай төсөөллийг компаниуд олж авч чаддаггүй.
Ямааны тоо толгой өссөнөөр Европ руу ноолууран утас болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэх нь эрс өссөн. Итали улсад л гэхэд ноолууран эдлэлийн экспорт 2018 онд 305 сая еврод хүрсэн нь 2008 оны 171 сая еврогоос бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн Италийн хувцасны экспортын 4 хувь нь ноолууран бүтээгдэхүүн байна.
Бэлчээр хамгаалах хөтөлбөр хэдийгээр хэрэгжүүлдэг боловч сүүлийн хэдэн жилийн хугацаанд бэлчээрийн доройтол эрс өсчээ. 2016 оны байдлаар нийт бэлчээрийн 23 хувь нь их хэмжээгээр буюу бүрэн доройтсон гэх мэдээллийг Монголын засаг захиргаанаас гаргасан байна. 2014 онд энэ үзүүлэлт 13 хувьтай байлаа.
Энэ асуудлыг шийдвэрлэх гарц нь малын тоо толгойг бууруулах явдал гэж Монгол Улс дахь Швейцарийн Элчин сайдын яамны төлөөлөгч Габриэла Спирли мэдэгдсэн байна. Тэрбээр Монгол Улсын Засгийн газартай хамтран малын бэлчээрийн хэт доройтолтой тэмцэх арга хэмжээ боловсруулж байгаа аж. “Тоог нь биш, чанарыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Та бүхэнд одоо байгаа шиг нь олон мал хэрэггүй” гэж Спирли мэдэгджээ.
Эх сурвалж: www.plantbasednews.org
4 comments
ямаа гэж бэлчээр байхгүй болгодог амьтан гэдгийг монголчууд бүгд мэднэ ядуу болохоор бүгд хуйларч ямаан толгой өсөж байна даа яалтай билээ дээ
монголд самнаж авна
deerh bichleg manai mongoliinh bish bainaa. hyataduud l iim yum hiideg baih
гадны эргүүнүүд… ямар бардамбусдын хэрэгт хошуу дүрж байна аа …