2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн мэдээлэл, технологийн газар, Боловсролын салбарын мэдээллийн системийн хөгжүүлэлтийн багаас мэдээлэл хийлээ.
Ирэх жилийн нэгдүгээр ангийн элсэлтийг Нийслэлийн боловсролын газрын даргын А44 тоот тушаалаар хамран сургах тойргийг батлан зохион байгуулж байна. Мөн А45 дугаар тушаалаар нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг энэ сарын 13-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.
Ирэх хичээлийн жилд ЕБС-д нийслэлийн хэмжээнд зургаан настай 38 232 хүүхэд элсүүлнэ. Ингэхдээ 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд төрсөн бүх хүүхэд хамрагдана. Хамран сургах тойргийн сургуулиуд тухайн хүүхдийг ямар нэгэн шалгалт, төлбөргүйгээр элсүүлэх үүрэгтэй.
Энэ жил нэгдүгээр ангийн элсэлтийг сургууль дээр бүртгэж байгаа ч, зөвхөн Чингэлтэй дүүрэгт цахим бүртгэлийг дээрх хугацаанд зохион байгуулж байна.
Мэдээл, технологийн газрын дарга О.Чинзоригийн хэлснээр цахим хэлбэрээр элсэлтэд бүртгэж байгаа учраас ямар нэгэн бичиг баримт шаардахгүй бөгөөд цахимаар бүртгэснээр цаашид нэгдүгээр ангийн хүүхдийн боловсролын мэдээллийг авч байх юм байна. Гэхдээ цахим бүртгэлээс гадна тус дүүргийн хамран сургах тойргийн сургуулиуд дээр иргэд биечлэн очиж бүртгүүлэх боломжтой.
Цахим бүртгэлийг нийслэлийн хэмжээнд хамруулахад цар хүрээний хувьд өргөн байх учраас Ажлын хэсгээс эхний ээлжинд Чингэлтэй дүүргийг энэ жил сонгожээ.
Чингэлтэй дүүрэг дэх төрийн өмчийн 15 сургууль дээр цахим бүртгэлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа юм. Сургуулиуд цахимаар элсэлтээ авч шийдвэрээ гаргаад, хариуг нь эцэг эхчүүдэд мэдээлэх процессоор явагдаж байна. Цахим элсэлтэд parent.esis.edu.mn системээр бүртгүүлнэ.
Мөн мобайл аппликейшнүүдийг ашиглан сургууль руу нь хүсэлтээ илгээх боломжтой.
Цахимаар бүртгүүлэхэд тавигдах шалгуур:
-Зөвхөн Чингэлтэй дүүргийн хамран сургах тойрогт хамаарах оршин суух хаягтай байх
-2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд төрсөн хүүхдүүд хамрагдана.
-Чингэлтэй дүүрэгт хаягтай боловч Баянгол дүүргийн сургуульд хамрагдах хаягтай нэг сургууль байгаа. Үүнд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны зарим хаягууд, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны хаягууд Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолбор сургуульд хамрагдана.
-Чингэлтэй дүүрэгт хаягтай боловч Сүхбаатар дүүргийн сургуульд хамрагдах хаягууд байгаа. Үүнд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хандгайтын 1-ээс 9 дүгээр гудамжны хүүхдүүд Сүхбаатар дүүргийн 35-р сургуульд хамрагдана.
-Сүхбаатар дүүргийн зарим хаягтай хүүхдүүд Чингэлтэй дүүргийн зарим сургуульд хамрагдах боломжтой. Үүнд 17, 57, 117 дугаар сургуулиуд Сүхбаатар дүүргийн хаягтай хүүхдүүдийг хамруулна.
Цахимаар бүртгүүлэхэд тухайн хүүхдийн мэдээллийг УБЕГ-ын мэдээлэлтэй тулгасны дүнд хамран сургах тойрогтоо харьяалагдаж байвал бүртгэл баталгаажих юм.
Бусад дүүргийн бүртгэлийг тухайн сургуулиуд дээр зохион байгуулж байна.