МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг албаны эх сурвалжаас нь хүргэж байна.
“МХЕГ-ын дарга нар авлигын хэргээр ял завшлаа”, “Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна”…гэх зэрэг мэдээллүүд олон нийтийн хэрэгслээр цацагдаж эхлээд буй. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэд олон нийтийн дунд шүүх, шүүгчийн талаар буруу ташаа ойлголт газар авч байна хэмээн үзэж тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан шийтгэх тогтоолын зарим хэсгээс танилцууллаа.
Шүүх Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн яллах дүгнэлтийг хянаад:
Шүүгдэгч Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ЭХТА-ийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж,
Шүүгдэгч Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг ЭХТА-ийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг Н.Баярсайханаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч М.Цагаанбаатар, Э.Онон, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангуль, Э.Оргил, Т.Чингиз нарын 17 хүнийг “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ЭХТА-ийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн.
Харин Н.Гантулга, Т.Чингиз, Н.Маржангуль, О.Баттөр, Э,Оргил нарын таван хүнийг Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн тул тэдгээрийг ялаас чөлөөлсөн.
Шүүгдэгч Д.Хандсүрэн, М.Нарангэрэл нарт холбогдох хэргийг Хахууль өгөх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Зандансүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг үйлдэж төгсөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэснийг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Түүнчлэн шүүгдэгч Ш.Тэгванданг Хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд бусдад зуучилж, дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх