“Миний үг сумнаас хамгаална”:
-Галина, Михаил нар 57 жил хагацалгүй хамт амьдарсан юм-
-Германчуудыг бут цохиж, дайснуудын эзэлсэн газар нутгийг чөлөөлж байна. Би өөр юу чамд бичих билээ? Эх орныхоо төлөө, амиа алдсан төрөл төрөгсдийнхөө талаар, нөхдийнхөө төлөө, Галягийнхаа төлөө тулалдаж байна…
Ялалтын баярын өдрийг тохиолдуулан фронтын хайрын нэгэн түүхийг Красноярскийн музейн ажилтнууд дэлгэсэн юм. Тухайн үед дайтаж байгаа цэргүүдээ дэмжихийн тулд фронт руу ар талаас захидал бичдэг байжээ. Мөн бээлий, оймс, хүүдий зэргийг илгээдэг байв… 1943 онд 17 настай Галя Локтева бүсгүй ч тэргүүн эгнээнийхэнд захидал илгээсэн байна. Удалгүй түүнд хариу иржээ. Түүнд хариу өгсөн хүн нь Улаан армийн байлдагч Михаил Рычков гэх 24 настай залуу байв.
-Миша Вологода мужаас гаралтай, эцэг эх нь байхгүй, эмээ нь байдаг, багшийн техникум төгссөн, армид явахаасаа өмнө хүүхдийн асрамжийн газрын захирал байсан гэж бичсэн байлаа. Би түүнд оюутны амьдрал, төрөл төрөгсдийнхөө тухай бичсэн юм.
Багшийн сургуулиасаа гарч, Енисейн хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр ажиллаж байлаа. Харин тэр хил дээр фашистуудын хамгийн түрүүнд дайрсан газруудын нэг болох 41-р заставт алба хааж байсан юм. Танкнууд орж ирэх хүртэл хоёр хоног хамгаалалтад гарч байсан гэдэг. Ингээд бүслэгдэж, Михаил бэртсэн гэдэг. Гэхдээ тэр нөхдийнхөө хамт бүслэлтийг сэтлэн гарч чадсан байдаг. Хожим нь дэслэгч, тагнуулын ротын командлагч болсон.
-Би фронтын найздаа гэнэт л асар ихээр хүндлэх болсон. Түүний огт танихгүй надад илгээсэн ухаалаг, халуун дулаан захидал амьдрал, аз жаргал, миний болон Оросын тухай бодол төсөөллөөр дүүрэн байлаа.
Захидлуудаас багахан хэсгийг дурдвал:
Галинагаас Михаилд
Миша, дайн дууссаны дараа уулзаж чадахгүй гэж бодоосой гэж би хүсэхгүй байна. Харин одоо надад захидал бичээрэй. Итгээрэй чи минь, хэрвээ чи баяртай байвал би ч бас чамтай хамт баяртай байх болно. Чи гунигтай байвал би ч бас гунигтай байх болно. Энэ үгэнд итгээрэй. Энэ үг чамайг сумнаас аврах болохоор үхлийн тулаанд тайван байгаарай.
Михаилаас Галинад
Би салалт хэмээх дайснаа ялсан баяраа аль болох хурдан тэмдэглээсэй гэж хүсч байна. Чи бол миний сонголт, миний амьдралын аз жаргал гэдгийг илчилж байна. Фронтод л зөвхөн хайрын хүч, чадлыг шалгаж болно.
Галина Сергеевнагийн ярьсныг хүргэж байна:
-Бидний уулзалт Ялалтын өдрөөс хойш хоёр сарын дараа болсон юм. Би ямар их баярласан гэж санана аа. Красноярскийн төмөр замын вокзал дээр фронтын найз Мишатайгаа уулзахаар гартаа түүнийхээ бяцхан зургийг атгаад л гүйж байлаа.
Нар сайхан жаргасан дулаахан үдэш байсан. Галт тэрэг ч ирлээ. Ингээд л би түүнийгээ хараад шууд л таньсан. Тэр ёслолын хилийн дүрэмт хувцастайгаа зогсож байлаа. Энгэрт нь “Байлдааны гавьяаны төлөөх”, Эх орны дайны II зэргийн одон, Улаан од одон гээд олон одон гялалзаж байлаа.
Би дөхөж очоод л түүнд гараа өгсөн. Тэр гарыг минь атгаж аваад л огт тавихгүй, нүд рүү минь зөөлөн, тэнгэр шиг сайхан харцаар харж байлаа. Харин би түүнийг хараад л хоёулаа уйлж билээ… Түүнтэй замд хамт явсан хүмүүс биднийг эчнээ танилцсан гэдгийг мэдэж байсан болохоор баяр хүргэхээр шийдэж, олзны унгар шампанск авчирч, бид бүгд Миша бид хоёрын уулзалтын төлөө уусан. Хундаганы оронд фронтын хөнгөн цагаан аяга байсан юм. Бүгд л бидэнд баяр хүргэж, бидний өмнөөс баярлаж, бидэнд аз жаргал хүсч байлаа…
Би нөхөртэйгөө 57 жил хамт амьдарсан. Тэр минь 83 насандаа өөд болсон юм. Би түүнтэй хэчнээн аз жаргалтай байсан гээч! Гайхалтай сайхан амьдралыг би түүнтэйгээ хамт өнгөрөөсөн. Хамт амьдарсан жилүүдийнхээ тоогоор тэр минь надад хайртайгаа мэдрүүлсээр байлаа. Би түүний хувьд “хамгийн-хамгийн” нь, тэр миний хувьд “хамгийн-хамгийн” нь байсан. Тэр бол жинхэнэ эх оронч, эх орны минь эр цэрэг, эцэг, өвөө, элэнц өвөө байсан.
Михаил Михайловчийг өөд болсны дараа Галина Сергеевна захидлуудаа “Ялалтын дурсгал” музейд өгсөн байна. Нөхрөөсөө хойш 14 жил амьдарсан Галина 2015 онд таалал төгсчээ. Ингээд түүний нөхөртөө зориулан бичсэн шүлгийг хүргэе.
Миша минь санаж байна уу, дайны жилүүдийг
Алс холын фронтын зовлонт өдрүүдийг
Германчуудыг газар нутгаасаа хэрхэн хөөсөн гэх
Фронтоос ирэх мэдээ бүрийг шимтэн хүлээдэг байж дээ.
Дайны дараах оройн зургаан цагт
Чамтайгаа Сибирьт уулзсан өдөр өдрийг санаж байна уу?
Тэр үед дэлхийн хамгийн аз жаргалтай нь
Агуу орны хоёр дурлалт хос байж билээ.
Эх сурвалж: www.kp.ru