Монгол Улсын хамгийн анхны гүний уурхай болох Бэрхийн уурхай 1954 оноос ажиллаж эхэлсэн ч одоо хаалгаа барьж нүх, балгас үлдсэн. 35 жил болж байгаа дулааны станцын ашиглалтын хугацаа хэтэрсэн нь 3500 гаруй хүн амтай тосгоны иргэдийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлөх болжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар холбогдох албан тушаалтны хамт Хэнтий аймгийн Бэрх тосгоны Уурхайчдын ордонд нутгийн төр, захиргааны байгууллагын удирдлага болон иргэдтэй уулзах үеэр иргэд дулааны станцын асуудлыг хөндөж төр, засгаас бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.
“Бэрх” дулааны станцыг шинэчлэх, холбогдох зураг төсөл, Техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг болгосон байна.
Үйл ажиллагааг нь сэргээхээс гадна уурхайг түшиглэн уул уурхайн музей, сургалтын бааз байгуулж, мэргэжилтэй ажилчин, боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөж байгаа тухай сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэлэв.