Саяхан Монгол Улсын Оюуны Өмчийн эрхийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн инженерүүдийн бүтээл болох “Грат 1400” насост Оюуны өмчийн патент олгосон байна. Тус үйлдвэрийн Засвар механикийн завод болон Баяжуулах үйлдвэрийн инженерүүд хамтран 2013 оноос “Грат1400” маркийн булингын шахуургыг үйлдвэрлэлд туршиж эхэлсэн. Шинжлэх ухааны судалгаан дээр суурилсан уг туршилт амжилттай болж, булингын шахуурганы дундаж цаг нь өнгөрсөн оны гүйцэтгэлээр 360 хүрч өсчээ.
Өмнө нь уг шахуурга 120-140 цаг ажилладаг байв. Үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдүүлэх, бүтээмж дээшлүүлэх чухал ач холбогдолтой энэхүү технологийн бүтээл нь 2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Инноватор” цом хүртэж байсан. Тэгвэл одоо оюуны өмчийн эрхээр баталгаажсан, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн шилдэг бүтээл боллоо.