-КАПИТАЛ БАНКИНД БАЙРШУУЛАХ ХАДГАЛАМЖИЙН ХЭМЖЭЭ ДӨРВӨН ЖИЛИЙН ДОТОР 192.7 ТЭРБУМААР ӨСЧЭЭ-
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Капитал” банкинд төрийн 340 тэрбум төгрөг байсан гэж мэдэгдсэн. Эдгээр мөнгөний дийлэнх хувийг Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын сангийн мөнгүүд эзэлж буй. Мэдээж 29 жилийн түүхтэй, орон нутагт салбар бүхий арилжааны банктай төр хамтран ажиллах нь нээлттэй асуудал.
Тэрч үүднээс “Капитал” банк төр хоорондын хамтран ажиллах гэрээ бүр эртнээс эхэлсэн байдаг. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газар бүр 2007 онд хамтран ажиллах гэрээ зурж байжээ. Гэхдээ энд нэг анзаарахгүй өнгөрч болохгүй өнцөг байгаа юм. Тэр нь, төрийн зүгээс 2013-2016 оны хооронд “Капитал” банктай хэт олон давтамжтай гэрээ байгуулсан явдал.
Баримт: НДС-гийн 2007-2019 оны “Капитал” банк дахь мөнгөн хөрөнгө
Тодруулбал, Капитрон банкин дахь Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 2012 онд 31.4 тэрбум төгрөг байсан бол 2013-2016 оны хооронд 224.1 тэрбум болсон өсчээ. Энэ нь дөрвөн жилийн дотор даруй 192.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Гэтэл 2007-2012 он хүртэлх зургаан жилийн хугацааны өсөлтийн нийт дүн нь 31.4 тэрбум байна.
САЛБАРЫН САЙД НЬ ЯМАР БАНКИНД ХЭДЭН ТЭРБУМЫГ ХАДГАЛУУЛАХАА МЭДДЭГ БАЙСАН “АЛТАН ҮЕ”
Арилжааны банкуудад Нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийг байршуулах бүх эрх мэдлийг салбарын сайд нь мэддэг журмын зохицуулалттай. Тодруулбал, “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл,хуримтлалын сангаас арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ын3.3.1-д “Хадгаламж хэлбэрээр байршуулах хадгаламжийн хугацаа, хадгаламжийн хүү, байршуулах арилжааны банкийг тогтоож, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд танилцуулна” гэж тусгаж өгсөн.
Тэгэхээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс хэр хэмжээтэй мөнгийг ямар банкинд хадгалуулах шийдвэр гардаг байсан гэсэн үг. Хачирхалтай нь, тэр зөвлөлөө салбар хариуцсан сайд нь ахалдаг. Зөвлөлийн ажиллах журам болон хадгаламжтай холбогдох асуудлуудыг салбарын сайд нь журмаар зохицуулаад явчихдаг эрх үүрэгтэй байжээ.
Өөрөөр хэлбэл,тухайн үед Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан С.Эрдэнэ ямар банкинд хэр их мөнгө хадгалуулах эцсийн шийдвэрийг гаргадаг хүн байж. Удаах эрх мэдэлтэн нь түүний баруун гар гэгддэг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан байв.
Баримт: Хариуцаж байсан эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан байдал
-С.ЭРДЭНЭ САЙДЫН АЖЛАА ӨГӨХӨӨСӨӨ 7 ХОНОГИЙН ӨМНӨ “КАПИТАЛ” БАНКНЫ ГЭРЭЭГ ДАХИН СУНГАЖ БАЙЖЭЭ-
Бас нэг сонирхолтой зүйл нь, холбогдох журамдаа “Арилжааны банк нь сүүлийн гурван санхүүгийн тайлангаар зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байх ёстой” гэж заасан. Гэвч 2013-2016 оны оны үед “Капитал” банкны санхүүгийн үзүүлэлт аюултай түвшин рүү орчихоод байсан.
“Аюултай” гэсэн гэрэл асчихаад байхад яагаад салбарын сайд нь хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсаар суув гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа 2016.07.25-ны өдөр С.Эрдэнэ сайдын суудлаа Н.Номтойбаярт хүлээлгэн өгчээ. Үүнээс ердөө долоо хоногийн өмнө буюу 2016.07.19-ний өдөр “Капитал” банкинд байршуулах хадгаламжийн гэрээг сунгасан баримтыг бид доор үзүүлэв.
Баримт: С.Эрдэнэ сайдын ажлаа өгөхөөсөө өмнө гэрээг сунгасан огноог үзүүлэв
Дээр хэлсэнчлэн санхүүгийн эрсдэл нь аюулын харанга дэлдчихээд байхад татвар төлөгчдийн мөнгийг асуудалтай банкинд хадгалахыг салбар хариуцсан сайд нь зөвшөөрч байжээ. Уг мөнгийг 2016 оны наймдугаар сараас хойш “Капитал” банкинд байршуулаа гэрээг зогсоосон юм байна. Улмаар хадгаламжийн мөнгийг буцаан татах асуудлаар өнгөрсөн хугацаанд “Капитал” банкны удирдлагуудтай 20 гаруй уулзсан ч амжилт олоогүй аж.
Эх сурвалж: