Юникодын консорциум болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтран зохион байгуулж буй Монгол бичгийн юникод /цахим кодчилол/-ын Ажлын хэсгийн гуравдугаар хурал Улаанбаатар хотноо энэ сарын 4-5-ны өдрүүдэд болж өнгөрсөн юм.
Энэ хуралд оролцохоор ирсэн Юникод консорциумын дэд Ерөнхийлөгч, Юникодын техникийн хорооны дарга Лиза Мур, Юникод консорциумын техникийн захирал Дебра Андерсон, Юникод консорциумын техникийн шинжээч Эндрю Гласс нарын төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.
Монгол бичгийн цахим кодчиллын асуудлаар санаачилга гаргаж, идэвхтэй ажиллаж байгаад Юникод консорциумын хамт олонд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлж, Монгол бичгийн юникодын кодчиллыг уламжлалт авиазүйн загвараар кодлох стандартыг баримтлах болсонд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн хатагтай Лиза Мур АНУ-ын Сан Хосе хотод болсон Монгол бичгийн юникодын Ажлын хэсгийн уулзалтаар зурлаган загварыг ашиглахгүйгээр авиазүйн загвараар кодлох асуудлыг эцэслэн тохирсон талаар ярив. Тиймээс цаашдаа монгол бичгийн үсэг бүтээх дүрмийг боловсронгуй болгох замаар авиазүйн загварыг хялбаршуулах, боловсронгуй болгох зэрэг асуудалд түлхүү анхаарлаа хандуулж ажиллах юм байна.
Энэ асуудлаар Юникодын консорциумын төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, Хэлний бодлогын зөвлөлийн ажлын албаныхантай дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.