Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл “Скай рeсорт” цанын баазын болон Асем Вилла хотхоны бохир Туул голд цутгаж, энэ асуудалд ногдуулсан торгуулийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Мэргэжлийн хяналтынхан ч шинжилгээ авч дүгнэлтээ гаргасан боловч тус газраас өгсөн шаардлагагыг дээрх хоёр байгууллага биелүүлэхгүй байгаа юм байна.
Асуудлын тухайд, анх 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр иргэдээс Туул гол руу маш их хэмжээний бохир хальж урсаж байна гэсэн мэдээлэл ирсэн. Тодруулбал, Асем хотхоны хойд талын баруун хойд талын бохирын цооногоос маш их хэмжээний бохир ус хальж хөлдсөн. Мөн 86, 87-р бохирын худгуудаас бохир хальж авто замын хажууд тунаж хөлдсөн байдалтай байжээ. Бохирын төгсгөлийн цэг болох 113-р худгийн бохирын чаннын эргэн тойронд маш их хэмжээний бохир хальж, замын байгууламжийн доогуурх үерийн усны хоолойгоор дамжин Туул гол руу цутгаж хөлдсөн байсан.
Улмаар MCS-ийн ашиглалт хариуцдаг гэх удирдлага, инженерүүдтэй уулзаж, шаардлага тавьсан. Гэтэл тэд үүнийг цэвэр ус гэж эсрэг тайлбар тавьсан байгаа юм. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагад хандсаны дагуу гуравдугаар сарын 2, 3-ны өдөр Цагаанхүү даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч газар дээр нь ажиллаад, тэр мөс, хөрснөөс дээж авч ажилласан байна. Гуравдугаар сарын 4-ний өдөр болсон шуурхай хурлаар Ус сувгийн удирдах газрын Ерөнхий инженер, MCS мэдээлэл ирж, MCS-ийн болон цанын баазын удирдлагуудаас тайлбар авсан байдаг.
Ус сувгийн удирдах газраас өнгөрөгч оны есдүгээр сарын 10-ны өдөр төвийн бохирынх нь шугамыг хаасан аж. Учир нь гэрээнд дурдсанаас илүү их хэмжээний бохир урсч байгаа тул төлбөрийн асуудлаас үүдэлтэйгээр шугамыг хаасан байжээ.
Ингээд хурлаар МХЕГ-ын дарга УСУГ-ын удирдлагуудад яаралтай шугамыг нээж, төлбөрийн асуудлаа барагдуулж, бохирдуулсан орчныг яаралтай цэвэрлэх үүрэг өгсөн байна. Энэ дагуу хоёр компани 113-р худгийн чаннын орчимд цэвэрлэгээ хийсэн аж. Гэхдээ бохир мөсөө Богдхан уул дахь цанын баазынхаа зүүн талд асгасан гэнэ. Энэ зөрчил дээр ч холбогдох байгууллагад шаардлага хүргүүлсэн байна. Одоогоор мөсийг дахин цэвэрлэсэн байгаа юм байна. Ингэхдээ морингийн даваан дээр асгасан гэсэн аман тайлбарыг өгчээ. Чаннын орчмын талбайг ч MCS цэвэрлэсэн байгаа ч мөсөө хаана асгасан тухай хариу тайлбар ирүүлээгүй байгаа юм байна.
Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр компаниудын цэвэр усны шугам хагарсан гэж тайлбарлаж байсан уснаас нь гэдэсний бүлгийн савханцар илэрсэн байна. Мөн Туул гол руу бохир цутгаж байна гэх зөрчлийн дагуу хэрэг үүсгэж 5 сая төгрөгөөр торгосон байдаг. Бохироо дархан цаазтай, зөвшөөрөлгүй газар дахиж асгасан гэдэг асуудал дээр нь 300 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ. Тэгэхээр нийт 10.3 сая төгрөгөөр торгуульжээ.
Тэгвэл яг одоогийн байдлаар 86, 87-р худгаас гарсан халиа бохироо цэвэрлээгүй байгаа юм байна. Мөн замын байгууламжийн доогуур хальж хөлдсөн мөсийг ч цэвэрлээгүй байгаа гэнэ. Цаг агаар дулаарч эхэлснээр бохир гол руу урсаж эхэлжээ.
“Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны ашиглалтыг хариуцсан “Марриот” компани бол “Эм-Си-Эс”-ийн толгой компани юм.
Тус компани зөвхөн байгаль орчныг бохирдуулаад зогсоогүй өөр асуудлаар ч мөн хэл ам дагуулсаар ирсэн байдаг. Хэрэв мэргэжлийн байгууллагууд Богд уулын ам болгоныг шалгаж үзэх юм бол дархан цаазат газрыг олон жил “цоордох” аргаар ашиглаж ирсэн зөрчлүүд нь илэрч болзошгүй байгаа аж. Ийм мэдээллүүд ч эхнээсээ дуулдаж байгаа юм.
Нөхцөл байдал ийм байхад “Марриот” компанийн ажилтнуудын зүгээс үүнийг “Нэн цэвэр ус” гэж олон нийтийг төөрөлдүүлсэн мэдээллийг сошиал орчинд цацдаг байна. Тэгвэл мэргэжлийн шинжилгээний байгууллагаас “Нэн цэвэр ус” гэсэн нэг ч хариуг БЗД-ийн ИТХ-д ирүүлээгүй гэдгийг хэлж байна. Туул гол зөвхөн нийслэлийн 1.5 сая иргэний эрх ашгийн асуудал биш. Түүний бүрэн бүтэн байдал, цэвэр ариунаар нь байлгах асуудал Монгол орны хэмжээнд яригдаж, жилдээ хэдэн зуун саяар тоологдох орлого олж буй том компаниудыг тавхан сая төгрөгөөр торгоод өнгөрөх асуудал ч бас биш юм.
Туул гол нь Сэлэнгэ мөрөнд цутган Байгаль нуурт хүрээд цааш Хойд мөсөн далайд цутгадаг. Хэнтий нуруунаас эх авсан голууд бие биедээ цутгадаггүй бөгөөд Төв Азийн цэнгэг усны хагалбарыг үүсгэдгээрээ онцлог. Ийм учраас Туул голыг бохирдуулсан хэнбугай ч Монгол Улсаар хязгаарлагдахгүй олон улсын өмнө гэмт хэрэг хийсэнд тооцогдох нөхцөл байдал үүсэж байгааг Монголын төр анхааралдаа аваасай.