УИХ-аар өнгөрсөн сарын 27-нд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Ингэснээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн АТГ, шүүх, прокурорын удирдлагуудыг хугацаанаас нь өмнө суллах эрхтэй болсон юм. Энэ хуулийн төслийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж эхэлсэн цагаас хуульчид хүчтэй эсэргүүцсэн.
Гэвч Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ хоёрхон өдөрт багтаан баталсан юм. Иймд дэлхийн улс орнуудын авлигын индексийг танилцуулдаг Транспэрэнси интернэйшнл байгууллагаас энэ хуулийг шүүмжлэн, мэдэгдэл гаргасныг хүргэж байна.
МОНГОЛ УЛСАД АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ БУЙ ҮЙЛ ХЭРГИЙН ХУВЬД ТОМООХОН УХРАЛТ БОЛЛОО
Монгол Улсын Их Хурал 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хуралдсан ээлжит бус чуулганаар
- Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль,
- Прокурорын байгууллагын тухай хууль болон
- Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан асуудалд Транспэрэнси Интернэшнл байгууллагын зүгээс нэн их санаа зовниж байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу шүүх, прокурор болон Авлигатай тэмцэх газрын удирдлагыг албан тушаалаас түдгэлзүүлэн улмаар чөлөөлөх боломжийг уг нэмэлт, өөрчлөлтөөр олгожээ. Энэхүү үйлдэл нь төрийн эрх мэдлийн зохистой хуваарилалт хийгээд тэдгээрийн харилцан хяналт–тэнцлийг хангах, эрх зүйт ёсыг дээдлэх жишгийг уландаа гишгэсэн явдал мөн.
Монгол Улсын Их Хурал уг нэмэлт, өөрчлөлтийг үндэсний аюулгүй байдлын асуудал хэмээн үзэж, нэн яаралтай горимоор 24 цагийн дотор нийтийн сонсгол хийгээд зохих хэлэлцүүлэг хийлгүй хурдан баталжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч шууд дараагийн өдөр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг огцруулсан байна. Энэ алхам жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээлийг УИХ-ын нийт 75 гишүүний 49 нь авсан гэх цуурхал түгж, тэд өөрсдийн ашиг хүртдэг буюу хянадаг бизнес аж ахуйн нэгжээр дамжуулан завшсан байж болзошгүй хэргийг Авлигтай тэмцэх газар, прокурорын байгууллага мөрдөн шалгалтын үйл явцтай давхцаж байна.
Монголын парламент шүүх эрх мэдэл, авлигатай тэмцэх байгууллагын хараат бус байдалд халдлаа.
Транспэрэнси Интернэшнл байгууллагын тэргүүн Делиа Феррериа Рубио: “Шүүх эрх мэдлийн асуудалд улс төрчид хөндлөнгөөс оролцон халдсан явдалд сэтгэл санаа ихээхэн түгшиж байна. Шүүх, прокурор болон Авлигатай тэмцэх газрын удирдлагыг дур зоргоор өөрчлөх боломжийг нээсэн нь Монгол Улсад авлигын эсрэг тэмцэж буй үйл хэргийн хувьд томоохон ухралт боллоо. Шүүх засаглал болон авлигатай тэмцэх тогтолцоонд доголдол байгаа нь тухайн улс оронд шударга ёсыг тогтоох бүтцийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох шүүх, авлигатай тэмцэх байгууллагын хараат бус, бие даасан байдалд халдах шалтаг болох ёсгүй” хэмээн мэдэгдлээ.
Улс төрийн буюу өндөр түвшний авлига ардчилалд хамгийн их аюул заналхийлэл Монгол улсад учруулж буйг Транспэрэнси Интернэшнл байгууллагын Монгол дахь үндэсний салбарын зүгээс засаг төрийн анхааралд дахин хандуулж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр хуулийн дагуу шударга шүүхээр шүүлгэх эрхтэй боловч авлигын гэм буруутай албан тушаалтнууд ял шийтгэл завшиж, хариуцлагаас мултрах ёсгүй хэмээн үзэж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газраас боловсруулан санал болгож буй ашгийн бус хуулийн этгээд буюу ТББ-ын тухай хуулийн шинэчлэн найруулсан төслөөр иргэний нийгмийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, нөөц санхүүжилт авах эрх чөлөөнд халдахаар заналхийлсэн явдалд Транспэрэнси Интернэшнл байгууллага санаа их түгшиж байна. Ингэж, ардчилсан эрх чөлөөнд халдах нь авлигыг улам бүр даамжруулж, гэм буруутанд ял шийтгэл завших боломж олгоно.
Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 11, 13 дугаар зүйлийн дагуу хүлээсэн үүргээ Засгийн газар ба УИХ нь шударгаар сахин биелүүлж, шүүх эрх мэдэл хийгээд авлигатай тэмцэх байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бүрэн ханган ажиллахыг Транспэрэнси Интернэшнл байгууллага анхааруулав.