УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар Хэнтий аймгийн гурван тойрогт МАН ялж, эндээс Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ Д.Гантулга нар сонгогдон парламентын босгыг давсан. Гэвч ердөө нэгхэн жилийн дараа 42-р тойргоос сонгогдсон Д.Гантулга гишүүн УИХ-ын гишүүн байтугай, баргийн хүн орооцолдож зүрхлэхээргүй зүй бус хэрэгт нэр холбогдон, эрүүгийн хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн мөн үү, үгүй юу гэдгээ шүүлгэхэд бэлэн болчихоод байж байна.
2017 оны зургадугаар сараас эхэлсэн дуулиан Д.Гантулгыг ээрч, тэр жилийн дараа буюу 2018 оны зургадугаар сард нийгмийн бухимдлыг тэсвэрлээгүй МАН-ын шахалтаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хэрэг явдлаас хойш яг жилийн дараа эзэнгүйдсэн энэ тойрогт УИХ-ын дахин сонгууль явагдах гэж байна.
Өнөөдрийн байдлаар нөхөн сонгуульд улс төрийн намууд аль хэдийнэ бэлдээд эхэлжээ. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөх жил болж буй нөхөн сонгууль. Намын рейтингийг тогтооно, дараагийн Засгийн эрх барих улс төрийн намын ялагчийг бараг тодорхойлдог гэдэг утгаар улс төрийн намууд ч энэ сонгуульд ач холбогдол өгч байна.
Хэнтий аймгийн өнөөдрийн дүр төрх
Нөхөн сонгуулийн дөрөөн чимээ ойртсон өдрүүдээр манай сурвалжлах баг УИХ-ын 42 дугаар тойрогт багтдаг Хэнтий аймгийн төв, Мөрөн сум, Хэрлэн сум болон Хэрлэн сумын Өлзийт тосгонд ажиллаад ирлээ.
Мөрөн сум
Аймгийн иргэдийн амьдрал, ахуй ямар байна. Иргэд юу хүсч хүлээж байна вэ. Тэдний улс төрийн намуудад итгэл хэр байгаа вэ. Нөхөн сонгуулийн бэлтгэл Хэнтий аймагт эхэлсэн байна уу гэх мэт асуудлыг тойрсон тандалт сурвалжлагын эхний хэсгийг хүргэж байна.
Бид замдаа бага зэрэг саатан, оройтсоныг эс тооцвол 77 мянга орчим хүн амтай Хэнтий аймгийн төвд алжаалгүй явж хүрэв. Очсон даруйдаа аймгийн удирдлагуудыг зорьсон боловч хуралтай гэх шалтгаанаар биднийг хүлээж авсангүй.
Маргааш нь бямба гараг таарсан учраас аймгийн Засаг дарга Н.Ганбямбын туслах даргыгаа хөдөө ажиллана гэж учирлав.
Хэнтий аймгийн төв Өндөрхаан ерөнхийдөө тайван, сургуулийн гадаа хүүхдүүд шуугилдаж, яг л хичээлийн өдөр шиг олуулаа бужигнаж байв. Учир нь тэд давтлагатай аж. Гудамж талбайд тааралдах иргэд үзэл бодлоо хуваалцахаас цааргалсангүй.
Төрийн албанд ажиллагчид улс төрийн нам, тэдний тухай яриа, төрийн удирдлагууд болон сонгуулийн талаар ярихдаа ихэд болгоомжилж байна. Гэхдээ тэдний ярианы өнгө Хэнтий аймгийн өнөөдрийн дүр төрхийг хялбархан тодорхойлоод өгөв.
Энд танил талтай, арын хаалгатай хүн л ажилд орж чадна. Ажлын байр хамгийн их үгүйлэгдэж байгаа гэдэгтэй олон иргэд санал нийлж байна. Бидэнтэй уулзсан өндөр настан ч үүнийг баталж, танилгүй бол ажилд орно гэж саналтгүй гэж ярьсан.
Ач хүү нь барилгын компанид өдрийн 30 мянган төгрөгөөр ажилласан боловч хоёр сарын хугацаанд огт цалин өгөөгүй гэнэ. Гэрээ байгуулаагүй болохоор юм олж хүртэхээсээ өнгөрсөн байх, цаашид ч хэрхэн ажилтай болох вэ гэдэг асуулт тэдний гэр бүлд хамгийн гол асуудал болжээ.
Сургууль төгсөж ирсэн залуу боловсон хүчин нутагтаа ажил олж хийнэ гэдэг цаг хугацаа шаардсан ажил болдог гэнэ. Ажилтай нэгнийх нь авдаг цалин амьдралд нь хүрэлцэхгүй. Энэ асуудал өөрөө Монголын нийгмийн хөндүүр сэдэв. Асуудал Хэнтийд ч нүүрлэсэн байгаа нь тодорхой.
Зүүн аймгуудыг чиглэсэн хатуу хучилттай замыг эс тооцвол Хэнтий аймгийн төвийн дотоод авто замын сүлжээ муухан. Зарим цэцэрлэг, сургуулийн гадна талбайд хүүхүүдэд зориулсан зам талбай байхгүй. Машин тавих чөлөөтэй зогсоол ч байдаггүй. Ерөнхийдөө эрсдэл өндөртэй зам, талбайтай юм байна. Яг одоо энэ аймагт 15-16 давхар ганц барилга байна.
Энд хүнсний бүтээгдэхүүн нэлээн өндөр үнэ ханштай. Харин байрнууд харьцангуй хямд. Түрээсийн байрны нэг өрөө гэхэд 100 мянган төгрөг аж. Аймгийн нийтийн тээвэрт такси үйлчилдэг. Нэг км замд 1000 төгрөгийн хөлс авдаг юм байна.
Хэнтийнхэн ЖДҮ-гийн талаар …
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдэд орон нутгийн иргэд таатай хандахгүй байна. Дургүйцлээ ч бас илэрхийлж байв. Иргэд өнөөдөр төрд орсон хүн л хууль бусаар баяжиж байна. Хэлтсийн дарга нар байр авч өгнө гээд 8 хувийн зээлд хамгийн түрүүнд өөрсдөө хамрагдаж байна. Бидэн шиг баталгаа байхгүй нийгмийн даатгал төлөх боломжгүй хүмүүст банк зээл өгдөггүй.
Нэг ажлын байр гарлаа гэхэд МАН-ын хүн, АН-ын хүн гэж байгаад тэрэнд хуваарилж байна гэцгээв. Ерөнхийдөө “Манай Хэнтийд төрийн албыг бүхий л газраа төрлийн алба болгосон. Төрийн албан хаагчийн чадавхи гэж байхгүй болсон. Ах дүү нараа даргаар томилоод л… гэж иргэн Н ярьсан юм.
Хэнтийд жижиг дунд үйлдвэрлэгчид байдаг, гэхдээ ядуу. Олонх нь хүн амын өдөр тутмын хэрэглээ талх, нарийн боов, хэрчсэн гурил, борцны үйлдвэр эрхэлдэг. Харин Мөрөн сумынхан хүнсний ногоо их тариалдаг юм байна.
Гэхдээ Хэнтий аймгийн Тамгын газар ЖДҮ-ээ огтхон ч дэмждэггүй гэж нутгийнхан хэлж байна. Хувь хүнийг дэмжинэ гэхээс илүү эднээ дэмжвэл нутгийн хөгжилд хэрэгтэй л байна. Нэг компанийг дэмжлээ гэхэд цаана нь 10 хүний ажлын байр гарна. Гэвч өнөөдөр чи намайг дэмжээрэй, маргааш би чамайг дэжинэ гэсэн тохиролцоо үйлчилж байна.
Иргэн баян байх ёстой. Дунд давхрагын хүмүүсээ дэмжиж байж ажлын байр бий болно. Манайхан гоё л байшин харагдаж байвал хөгжиж байна гэж хардаг. Хэнтий гоё болжээ, ямар их байшин баригдаа вэ гэдэг. Энэ чинь хөгжлийг хэмжих нэг л шалгуур мөн ч нутгийн Засаг захиргааны байгууллага иргэдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлж чаддаггүй гэж орон нутгийнхан ярьсан юм.
Нэр дэвшигчид, гишүүдийн мэдээллийг хайж яваа бол мөнгөтэй л байх ёстой
Нөхөн сонгуулийн чимээг Хэнтийхэн аль эрт авчээ. Хоёрдугаар сараас хойш улс төрийн намуудын рейтинг тогтоох судалгаа орон нутгаар 2-3 удаа явагджээ. МАН-аас нэр дэвших магадлалтай хоёр хүн, АН-аас нэр дэвших магадлалтай нэг хүн, МАХН-аас нэр дэвших магадлалтай мөн нэг хүний нэр заасан, зураг хөрөгтэй судалгаа хийгдсэн учраас Хэнтийнхэн хаврын сонгуулиар аль намын хэн Хэнтийнхний “хамаатан” болж айлчлах вэ гэдгийг ч ерөнхийдөө гадарлачихсан сууж байна.
Танай тойрогт нэр дэвших гэж байгаа хүн хэн байна, та хэнийг нь дэмжих гэж байна гэж асуухад зарим нь “Та нар нэр дэвшигчид, УИХ-ын гишүүдийн талаар мэдээлэл хайж, баримт цуглуулж яваа бол мөнгөтэй л байх ёстой. Одоо цагт мөнгөгүй юм ганцхан хулганы хавханд л байгаа” гээд хариулсангүй.
Зарим нь томчууд чинь сонгуулийн 21 хоног л биднийг таньдаг. Сонгогдоод гараад ирснийхээ дараа танихаа байдаг. Маргаашаас нь эхлээд муухай муухай хараад л дуугарч ядаад эхэлдэг. Хэд хоноод унаагаа, авгайгаа солиод, нууц амрагтай болоод эхэлдэг нь нууц биш гэж байх юм.
Иргэдийнхээ ажлын байр, амьдралын баталгааны талаар хэзээ ч санаа тавьдаггүй. Биднийг боловсролгүй архичин байлгаж байвал өөрсдөд нь л их хэрэгтэй. Юм үзээгүй хүмүүст 100 мянган төгрөг өгч, саналыг худалдаад авчихна гэж боддог хүмүүс гэцгээж байв.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад тавьсан сонгогчдын үнэлгээ
Сонгогдсон тойрогтоо нөхөн сонгууль зарлах хэмжээний асуудал дэгдээсэн УИХ-ын гишүүн Д.Гантулгын талаар Хэнтийнхний байр суурь ийм байна.
Хэрлэн сумын иргэн Н: Манай нутгийн хүн гэдэг ч энд аж төрж амьдардаггүй. Өсч төрсөн нутаг нь Хэнтий болохоос биш өөрсдөө энд байдаггүй. УИХ-ын гишүүд угаасаа дийлэнх нь ийм байдаг.
Хэрлэн сумын иргэн А: Д.Гантулга гишүүнийг тийм ч мундаг дарга гэж боддоггүй. Д.Гантулга гишүүн мөрийн хөтөлбөртөө ажлын байр бий болгоно гэсэн сайхан үг тусгасан ч хэрэгжүүлээгүй. Иргэдийг ч хүлээн авч уулздаггүй гэж сонссон. Миний хувьд сургуулиа төгсөж ирээд Гантулга гишүүнтэй уулзах талаар хүнээр дамжуулж хэлж байсан. Тэр болгон хүн хүлээж авдаггүй гэж хариулсан.
Хэрлэн сумын иргэн Б: Д.Гантулга гишүүний хувьд орон нутагтаа хийсэн зүйлтэй. Залуу хүнийхээ хувьд алдаа гаргасан. Хэрэв байсан бол их юм хийх байсан гэдэгт итгэдэг. Гишүүн хүний хувьд ийм хэмжээнд яригдаж байгаа болохоос энгийн иргэний хувьд байдаг л асуудал шүү дээ. Өндөрхааны иргэдийн удирдлагуудтай нэлээн сайн хамтарч ажилласан. Хуучин гишүүд бол худлаа байсан шүү дээ.
Мөрөн сумын иргэн Б: Хэн ч сонгуульд өрсөлдөж гарсан ялгаа алга болсон байна. Залуу хүн юм хийж магадгүй гээд сонгохоор итгэл даахгүй юм байна. Б.Гантулгын хувьд аймаг орон нутгийн нэр хүнд унагаагаад хэрэг алга.
Хэрлэн сумын иргэн Н: Д.Гантулгыг хүүхэнтэй явалдсан гэж сонсож байснаас хараагүй ээ. Иймэрхүү асуудалд орооцолдсон үй түмэн улс байгаа шүү дээ энэ нийгэмд. Олны нүдэнд ил болсон нь Д.Гантулга гишүүн болохоос биш. Гэхдээ Д.Гантулгын гэр бүл нэлээн бүтэл муутай хүмүүс санагддаг.
Д.Гантулга өөрөө зохион байгуулалттай хэрэгт холбогдсон тухайгаа олон нийтийн сүлжээнд бичиж байсан. Тэгэхээр нь би фэйсбүүкээр дамжуулж хэдэн үг бичсэн. Хэнтийн ард түмэн чамайг ядарч явахад чинь нулимаагүй ээ. Зүгээр дуугүй зайл аа гэсэн. Тэрнээс хойш алга болсон доо.
Тойргийн иргэд нь гишүүнээ ийн үнэлж байна. Яг одоо тэд, удахгүй болох нөхөн сонгуульд ирж нэг нүүр царайгаа харуулаад, УИХ руу мандат өвөртлөөд Улаанбаатар руу буцдаг нүүдлийн шувуу шиг улс төрчдийг хүлээхгүй байна гэдгээ ч бас хэлж байв.
Үргэлжлэл бий.
Я.ХУЛАН, Б.БОЛОРМАА
5 comments
МАНАН МОНГОЛД ХЭРЭГГҮЙ МАХН -Л ТӨРД ХЭРЭГТЭЙ АМЖИЛТ ХЭНТИЙЧҮҮДЭЭ АМЖИЛТ МАФИ БҮЛЭГЛЭЛИЙН МАН АН ГЭДЭГ НАМУУД ТӨРД ДАХИН БҮҮ ГАРГАЖ ТЭЖЭЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ТЭЖЭЭХ БОЛСОН АРД ТҮМЭН !!!
ГАНТУЛГА ХЭРВЭЭ ГИШҮҮН ХЭВЭЭР БАЙСАН БОЛ ШОДОРГОСЫН 5-ТАй НИЙЛЭЭД ЁСТОЙ БҮХНИЙГ ОРВОНГООР НЬ ЭРГҮҮЛЭХ БСАН ГЭДЭГТ ОДОО ХҮРТЭЛ ИТГЭЖ БАЙНА..ДААНЧ ТОМ ӨГӨӨШ ҮМХСЭН…ОДОО 6 САРААС ӨМНӨ БҮХ ХЭРГИЙГ ЦАГААТГААД НӨХӨН СОНГУУЛЬД ӨРСӨЛДҮҮЛ….ТЭР 5 АВАРГА БАТЭРДЭНЭ…5 Н.ЭНБОЛДТОЙ ДАЙЧИН ХЭЛЭМГИЙ ЧАНАРААР ТЭНЦЭНЭ..МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ БОЛ ЧӨТГӨР БСАН Ч ХЭРЭГТЭЙ ГЭЖ МАНАЙ НЭГ ГИШҮҮН ХЭЛСЭН…САНАЛ НЭГ….ЭЦЭСТ ХИЙСЭН ХЭРГИЙН ТАЛААР БОДЛОО ХЭЛЭХЭД ЭР ХҮН БОЛГОН САЙХАН ХҮҮХЭН ЧАНГААДАГ…ИХЭНХИ НЬ МӨРӨӨДӨХӨӨС ЦААШГҮЙ ХАРИН МАНЬ ЭР ГҮЙЦЭЭСЭН..МОЛОДЕЦ..
Мундаг өмөөрчээ.Энэ нөхөр ч бас молодец
ЭНЭ СУРВАЛЖЛАГА ХИЙСЭН 2 СЭТГҮҮЛЧ АЙМГИЙН МААНЬ ТӨВИЙГ ӨНДӨРХААН ГЭЖ ӨВӨГ ДЭЭДСИЙН МААНЬ ӨГСӨН НЭРЭЭР ХЭЛЖ ДУРДСАНД МАШ ИХ БАЯРЛАЖ ТАЛАРХАЖ БАЙНА.
МАНАЙ ХЭДЭН ТЭНЭГ ШАЛ ХАМААГҮЙ ХҮНИЙ ҮГЭНД ОРЖ ЧИНГИС ГЭЖ УТГАГҮЙ НЭР ӨГСӨНГ БАЙНГА ЭСЭРГҮҮЦЭЖ ЦААШИД АЛБАН ЁСООР ХУУЧИН НЭРЭЭ АВАХЫН ТӨЛӨӨ ХЭНТИЙЧҮҮД , ӨНДӨРХААНЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА.ХААДЫН ХААН ХАМГИЙН ӨНДӨРТ БАЙХ ЧИНГИСХААН ГЭСЭН ҮГ- ӨНДӨРХААН ГЭДЭГ НЭР БОЛ….!!!!!!
Тиймээ тантай санал нэг байнаа.Өндөр хаан гэдэг бол сайхан сэтгэлд дотно нэр