/Шог өгүүллэг/
С.Пүрэвсүрэн
Зиа би төрийн мэдлийн энэ байгууллагын багахан хэлтэсийн дарга хүн. Энэ албыг засаг нурж, төр эргэсэн ч завсаргүй найман жил хийж байгаа жаатай эр.
Аль нэг нам, сонгуулиар гарч ирэх, аль эсвэл е-сайдаа дагаад яам тамгынхан бужигналдаад явчихад, манай энэ хавиар чичиргээ мэдрэгдэсхийгээл өнгөрнө.
Үгүй ээ гэхдээ яаж зүгээр байх вэ. Манай албаны дарга нар ч солигдсон л доо. Би л харин хөдлөөгүй. Эхэн үедээ ч жаахан санаа зовж, шөнө нойр хулжих, унтвал хар дарж зүүдлэх энэ тэр байсан л байх.
Одоо бол бүр тоохоо ч больсон.
Тэгээд ч би нүүрийн буянтай хүн юм шиг байгаа юм. Шинэ дарга ирэх бүрд намайг хамгийн түрүүнд дуудаад :
-Та ажлаа сайн хийнэ шүү. Доод хүмүүсээ сайн шахаж өг гэсэн тарни шиг адилхан үгийг ёс юм шиг хэлдэг нь гайхалтай.
Гэтэл өнгөрсөн намар манай хэлтэст гуч хүрээгүй насны гуалаг зэгзгэр бүсгүй шинээр ажилд орлоо.
Өглөө бүр таван минут хожигдож орж ирнэ.
– Оо сайн уу даргаа. Машины зогсоол олддогүй. Ооё дарга кофе юу цай юу. Хошуугаа хөөрхөн цорвойлгоод, нүдээ эргэлдүүлж, эргэлдүүлж арайхийн ооё ооё одоохон даргоо гээд гарч одно.
Манайхны зарим нь дургүй ээ. Энэ одоо гацаа юм уу хаашаа юм гэцгээдэг байснаа сүүлдээ дасацгаагаад одоо бараг анзаархаа больчихож.
Зарим өдөр миний насны хүний нүд халгамаар торон цамц, богинохон банзал өмсөнө. Хөх дэлэн бүү хэл хүйсний нүх нь харагдсан торон цамцтай орж ирээд
-Даргоо энийг та шалгаад өгөөч гээд ширээ тойрч, хажууд ирээд хүзүүгээр тэврэх нь халаг зогсоход нь миний хөлс гараад ичиж үхэхээ шахна. Гэхдээ бас эр амьтны нэг муу аазгай шуу юм хатгаад зарим үед, гарсаных дараа инээд хүрэх шиг болноо бас. Гэтэл хэрэг бишдээд явчихлаа.
Саяхан нэг өглөө хижээл насны авгай өрөөнд маань шууд давхин орж ирдэг юм байна. Мэнд мэдэхийн завдалгүй үнэмлэх гаргаж ирээд хальт үзүүлэнгээ:
-Би өмгөөлөгч ажилтай хүн.
–Үйлчлүүлэгчийнхээ гомдлын дагуу таньтай уулзахаар ирлээ.
-За хө шуудхан ажилдаа оръё.
-Ямар гомдол билээ. Та суугаач.
-Зүгээр би босч ярьсаар сурчихсан хүн.
-Ажлын байрны бэлэгийн дарамт. Та манай үйлчлүүлэгчийг өөрийнхөө эрхшээлд оруулахаар бэлигийн дарамтанд оруулсан байна.
-Юу та хүн андуураад байна. Би тийм хүн биш.
-Аятайхан өтөлж чаддаггүй өвгөн бэ чи.
– Үе шахуу насны юм байж битгий та та гээд бай. Би чам шиг шар сэмжилж, буруу зөнөсөн талхинуудтай олон таарч явлаа.
-Та, та үгүй ээ өөрөө нэг л андуураад байна гээд ээрч, муурч, сандарсандаа усан хулгана болтлоо хөлөрсөн намайг улам шахаанд оруулж, барьцаа хангав.
Нөгөө авгай хаалгаар шагайж – Миний охион ороод ир гэж дуудлаа. Гэтэл нөгөө манай шинэ ажилтан бүсгүй маань цагаан сарын золгуутанд явах гэж байгаа юм шиг том үйтэн хуаран дээл өмсөж, тас хар шил зүүчихсэн орж ирдэг байгаа.
-Энэ хүн танай хэлтсийн дарга мөн үү.
-Оо, оо манай дарга мөн.
– За энэ даргынхаа хажууд зогс гээд гайхаж бүлтийсэн миний дэргэд зогсоон шархийлгэн зураг дарчихлаа.
-Миний дүү гарч бай. За ингээд нотлох баримт нэгээр нэмэгдлээ.
-Юу, ямар нотлох баримт вэ?
-Энэ хар халуунд миний үйлчлүүлэгч таны өдөж ээрсэн харцнаас нуугдах гэж зузаан дээл өмсөж, хар нүдний шил зүүн, улс нийгмийн төлөө зовж ажиллаж байна. Миний үйлчлүүлэгч бага насны хүүхэдтэй өрх толгойлсон, ядарсан эмэгтэй гэдгийг та судласан л биз дээ.
-Үнэхээр ажилдаа дур сонирхолтой учраас таны дарамтанд орчихолгүй ингэж зовж явна.
-Гэтэл энэ зургаа хар. Миний дэргэд хүртэл яаж харж байгаа чинь аппаратанд буулаа гээд надад харуулав.
Дээлтэй бүсгүйг бүлтийтэл ширтсэн миний зураг үнэхээр инээдтэй харагдаж байна.
-За энэ бичлэгийг үзчих хө. Бүх зүйл тодорхой болно.
-Наад компьютер шиг юмандаа энэ дискийг хийгээдэх.
Хэсэгчилсэн дөрөв таван бичлэг байна.
Хүйэ ер, би ч авч өгч байна аа. Хэзээ ингэж галзуурч байв аа.
– За сайхан бүсгүй минь миний сэтгэлд нийцтэл сайн ажилла. Өглөө эртхэн ирж, орой бага зэрэг оройтход хэцүү биш биз дээ. Хэдхэн минутанд амжуулчих ажлыг яасан их гуйлгадаг юм гээд солиорч байна. Миний өдөр тутам энэ хэддээ хэлдэг үг.
Дараагийн бичлэг.
-За мисс минь, хоёрын хооронд ийм торон цамц өмсч байхаар нэг мөсөн нүцгэлээд ороод ир!!!
Цааш нь юу ярьсан нь мэдэгдэхгүй ам хэсэг ангалзав. Саяханы өдөр албаны хувцас өмсөхийг сануулж, загнаж байснаа санав. Гэвч надад нотлох баримт алга.
-За энэ бол бэлигийн дарамт мөн биз.
Бас нэг бичлэг. Би өрөөндөө зангиагаа зүүгээд муу гонжоомоо өмсч байна.
-За хурдал, хурдал. Чамайг өглөө бэлэн байж бай! гэж өчигдөр би сануулаа биз дээ.
-Энэ бол ноцтой баримт байгаа биз.
-Юу энэ чинь сайдын сонсголд явах гээд бичиг баримтаа бүрдүүлж байсныг л бичсэн байна ш дээ.
– Хэн нотлох юм. За өнгөрлөө нээрээ хэн нотлох юм.
Арай гайгүй бичлэг бас байнаа.
– Оо дарго аймаар улайгаад цус шүүрчихлээ ш дээ. Эхнэр чинь гайхна даа хихи гэсэн өнөөхийн инээх сонсогдож байна.
– Яадаг юм улайг улайг. Эхнэр анзаарахгүй. Хаха Миний зэвүүн инээж байгааг ээ.
-Энэ ч бүр улайм цайм юм болж байна шүү гээд жуумганаж байна.
-Хөөе энэ чинь миний хүзүү хөшөөд бумба тавиулсан юм шүү.
-Хэн итгэхийн хн.
Нээрэн хэн итгэх вэ. Бүр гарах газаргүй хавханд орлоо л доо.
-За хөгшин ухна минь би хэдийгээр уур хүрч байгаа ч гэлээ. Бас юмны цаад наадхийг ойлгох насны хүн.
-Бүх юм эргэчихээгүй дээр өөртэй чинь ярилцъя гэж бодлоо. Бас чиний нэр хүнд, амьдрал гэж байна шүү дээ.
-Бүх нотлох баримтаа телевизүүдээр цацуулж, шүүх цагдаад дуудагдаж, ажил төрлөө алдан, нэр төрөө гутаах ямар олиг байх вэ гээд хорсолтой инээмсэглэв.
Хамгийн түрүүнд эхнэрийн маань уурлаж дошгирсон нүд, хүүхдүүдийн маань гомдож цөхөрсөн харц нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөх шиг болов.
-Насаараа хуульч хийхээр хохирогч болон эсрэг этгээдэд адилхан хүндэтгэлтэй хандах ёс суртахуун суучихдаг юм.
-Нээрээ л тэгэх байхдаа гэж хэлчихээд амаа барив. Одоо ч гэсэн бичлэг хийж байгаа байх гэхээс нурууны хөлс чийхарч байна.
-Авгай хүүхдээ хүний нүүр харах аргагүй, өөрөө ажил төрөлгүй, гудмаар алханаа захын хүнд чулуугаар шидүүлэх хувь төөрөг таны өмнө тулж ирчихээд байна. Таны нас намбагүй шалиг зан, албан тушаалаа урвуулан ашигласан дээрэнгүй авир таныг ёроолгүй ангалын дэргэд авчирлаа. Юу гэмээр байна.
-Та нар намайг гүжирдлээ би харин хохирогч гэж хэлэхийн зуурт нөгөө авгай хохь чинь би явлаа. Надад гомдох хэрэггүй хаха гээд гүйгээд гараад явчихав.
-Хүлээгээрэй, хүлээгээрэй! аа гээд орилоод араас нь ухасхийтэл:
– Хөөе сэрээч, сэрээч. Хар дараад орилоод байх юм. Хүн айлгачихлаа гээд эхнэр маань дуудаж байв. Ёох ёох зүрх хагарчих шахлаа.
Чамайг даа муу бэлигийн дарамт хүсэгчийг гэж бодохоос хөх инээд хүрэв.