Нийслэлийн Байгаль орчны газар, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран Чингэлтэй дүүргийн 6, Хан-Уул дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 3, Баянгол дүүргийн 4, Сонгинохайрхан дүүргийн 1, Сүхбаатар дүүргийн 6 дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдан борлуулж буй эсэхэд хяналт шалгалт зохион байгууллаа. Шалгалтын мөрөөр илэрсэн зөрчлийг арилгах, зарим бүтээгдэхүүний гарал үүслийг тогтоох, мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр материалын төрлийг тогтоох зэрэг ажлууд хийгдэж байна.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар болон төлбөр төлсөн иргэд Засгийн газраас баталсан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу барьж агнахаар заасан байдаг. Тус зөвшөөрлийг аваагүй худалдсан, тээвэрлэсэн тохиолдолд дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу агнасан, барьсантай адилтган үзэж Засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөн төлүүлж Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар шийтгэх хуулийн зохицуулалт мөрдөгддөг.
Байгалийн ургамлын тухай хуульд ч дээрх төрлийн зохицуулалт бий. Албан ёсны зөвшөөрөлгүйгээр зэрлэг амьтдын эд эрхтэн болон нэн ховор ургамлыг хөдөө орон нутгаас тээвэрлэн ирж, борлуулах явдал байсаар байгаа тул Нийслэлийн Байгаль орчны газар, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран зэрлэг амьтны гаралтай түүхий эд буюу арьс, шир, эд эрхтэн болон ховор ургамлын хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх холбогдох хууль тогтоомжид заасны дагуу анхааруулга, зөвлөмжийг 2018 оноос эхлэн гадаадын жуулчид олноор үйлчлүүлдэг худалдааны төв, бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд удаа дараа өгч байгаа боловч уг зөрчил арилахгүй байна.
Хүний буруутай үйл ажиллагааны улмаас биологийн олон янз байдалд үзүүлэх сөрөг нөлөө жилээс жилд нэмэгдсээр байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) 1970-2012 оны хоорондох судалгаанаас үзэхэд унаган байгалийн доройтол 2012 оны байдлаар 58% байгаа бөгөөд байгаль хамгаалах чиглэлээр бодит алхам, тууштай бодлого баримталж ажиллахгүй бол 2020 он гэхэд 67%-д хүрэх эрсдэлтэй. Хүрээлэн буй орчны доройтлын олон шалтгааны нэг нь зэрлэг амьтан, ургамлын хууль бус агнуур, худалдаа, хэт ашиглалт байдаг тул нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авч эрэлт үүсгэхгүй байх, худалдан борлуулах, хил дамжуулан худалдах гэж буй тохиолдолд Мөрдөн байцаах албаны 9717-7000, Нийслэлийн Байгаль орчны газрын 318003 утсанд мэдээлж байхыг иргэддээ уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.