Дэлхийн 200 орчим оронд нэгэн зэрэг зохион байгуулагддаг “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаанд Монгол Улс 2010 оноос эхлэн нэгдсэн. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гаригт болдог уг үйл ажиллагааг Улаанбаатарчууд уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд тэмдэглэхээр төлөвлөсөн ч “Гэр хороолол” хөдөлгөөнөөс тус талбайд суулт зарласан тул үйл ажиллагаа цуцлагдсан юм.
Хэдийгээр гол үйл ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж чадаагүй ч хөдөө орон нутгийнхан идэвхтэй оролцож “Эх дэлхийн цаг”-ийг тэмдэглэжээ. Тухайлбал, Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Дорнод, Архангай, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий, Дундговь зэрэг 12 аймаг “Эх дэлхийн цаг”-т нэгдэж, үйл ажиллагаанд 6000 гаруй хүн оролцсон байна. Өмнө нь ихэвчлэн 4-5 аймаг нэгддэг байсан бол энэ удаа 12 аймаг “Эх дэлхийн цаг”-ийг зохион байгуулсан нь монголчууд эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлст идэвх зүтгэлтэй оролцдог болсны нотолгоо боллоо.
Онцлоход, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай Саяны бүсийнхэн “Эх дэлхийн цаг-2019” арга хэмжээг Ховдод өвөрмөц байдлаар тэмдэглэсэн байна. Тэд “Эх дэлхийн цаг”-ийг тохиолдуулан аймаг орох замд 10 мянган мод тарих уриалгыг өнгөрсөн жил гаргаж, тухайн жилдээ 4.3 сая төгрөгийн хандив босгож 1700 мод тарьсан юм.
Харин 2019 оны “Эх дэлхийн цаг”-ийг угтсан арга хэмжээний үеэр 600 модыг гурван жил арчилж ургуулах 10 сая 800 мянга төгрөгийг ховд аймгийнханд хандивлахаар болсон байна. Хандивын аян ирэх хоёр жил үргэлжлэх аж. Харин Баян-Өлгий аймгийн төвд болсон арга хэмжээнд нийт 40 дугуйчин оролцож “Эх дэлхийн цаг”-ийг сурталчилж хотын төвөөр тойрсон байна.
Төв талбайд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн таларх асуулт хариултын “АХА” тэмцээн зохион байгуулж 40 гаруй хүн оролцжээ. “Эх дэлхийн цаг”-аар нэг цагийн турш гэрэл унтрааж, цахилгаанаа хэмнээд зогсохгүй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломжтой гэдэгт олны анхаарлыг хандуулахад оршдог.