Youtube-ээр тоглоомын треллерийг л үздэг байсан бол удахгүй youtube-ээр шууд тоглох боломжтой болох нь ээ. Үүнд ямар ч нэмэлт төхөөрөмж хэрэггүй бөгөөд тоглоомыг татаж суулгах ч шаардлагагүй аж.
Түүнчлэн утас, таблет, телевизрээс хэдхэн секундын дотор сүүлийн үеийн маш өндөр үзүүлэлттэй тоглоомуудыг youtube-ээр хоорондоо холбогдон тоглож ч болох гэнэ. Google энэхүү Stadia технологийг зарлахдаа хүмүүс өөрсдийн компьютерын гар, хулганаар тоглож болох ч бас тоглоомын гарыг танилцуулсан байгаа юм.
Тоглоомуудыг 4К зураглалтайгаар секундэд 60 фрэймийн үзүүлэлттэйгээр тоглож болох юм байна. Тэгэхээр төхөөрөмжийнх нь үзүүлэлт тийм өндөр байх шаардлагагүй аж.
Stadia нь итгэхэд бэрх, нарийн, шинэ технологи хэдий ч 1.65 тэрбум доллароор youtube-ийг худалдаж авсан Google ирээдүйдээ юу ч төлөвлөсөн байж болох юм. Мэдээж маш олон асуултын хариулт тодорхойгүй байгаа. Тухайлбал, 2019 онд энэ технологи гарна гэж зарласан ч хугацааны хувьд тийм ч тодорхой биш байна. Мөн үнийн хувьд ямар байх нь ч тодорхойгүй байгаа юм.
Ямартай ч ийм том технологийг гаргана гэдгээ Google нэгэнтээ танилцуулж зарласан болохоор хүлээх л үлдлээ.