Тусгай олимпын зуны XV наадам АНЭУ-ын Дубай хотноо энэ сарын 14-нд нээлтээ хийж, амжилттай үргэлжилж буй. Дэлхийн 190 гаруй орны 7500 тамирчин АНЭУ-д цуглараад байгаа билээ. Тэмцээн Абу Даби болон Дубай хотод хуваагдан зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн наадамд манай улсын тамирчид найман төрлөөр оролцож байгаа бөгөөд дауны хам шинжтэй гурван тамирчны маань нэг болох Б.Элбэрэлт өнөөдөр 25 метрийн мэлхий сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд уралдаж алтан медаль хүртжээ. Харин маргааш тэрээр эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөнө.

Мөн Э.Гүнжсүрэн өчигдөр эмэгтэйчүүдийн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд шагналт тавдугаар байрт, өнөөдөр эмэгтэйчүүдийн 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд  шагналт дөрөвдүгээр байрт оржээ.

Ширээний теннисний төрөлд ганцаарчилсан төрлөөр оролцсон У.Нинжбадам, Б.Амарболд нар мөнгөн медалийн эзэд болсон байна. Тэдний тэмцээн өндөрлөх болоогүй, өнөөдөр, маргааш тэд хосын төрөлд өрсөлдөнө.

Олимпын хоёр дахь өдөр жүдогийн эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд барилдсан Э.Бямбажаргал болон эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд барилдсан Ө.Амарсанаа нар маань хүрэл медаль хүртэж Монголын багийн медалийн салхийг хагаллаа. Манай улсаас жүдогийн төрөлд таван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэд бүгд нэгдүгээр ангилал буюу жиндээ ур чадвараараа хамгийн сайн тамирчидтай өрсөлдөж буй.

Олимпын гурав дахь өдөр жүдогийн -73 кг-ийн жинд өрсөлдсөн Т.Балданхайням маш хүнд барилдаануудыг хийж мөнгөн медаль хүртжээ.
Жүдогийн төрөлд оролцохоор таван тамирчин Арабыг зорьсон бөгөөд тэд бүгд сорилго тэмцээнээ сайн хийж жиндээ нэгдүгээр ангилалд багтсан байна. Тиймээс ур чадвараараа хамгийн сайн тамирчидтай өрсөлдөхөөр болжээ.

-78 кг-ийн жингийн ангилалд барилдсан А.Нямцэцэгийн учраа бөхчүүд ч гэсэн амаргүй бөхчүүд таарсан тул тэрбээр шагналт тавдугаар байрт шалгарсан байна.

Т.Балданхайнямын мөнгөн медалийг боччегийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр өрсөлдөж буй Б.Амарсанаа хүрэл медалиар түүчээлэв.

Сонирхуулахад Бочче нь хүчний спорт биш учраас оюуны бэрхшээлтэй тамирчид хичээллэхэд тохиромжтой. Тэмцээний үеэр гурван өнгийн бөмбөгөөр хоёр тамирчин тоглож өрсөлдөнө. Тамирчид улаан, ногоон дөрөв дөрвөн бөмбөгөөр өрсөлдөх бөгөөд цагаан бөмбөгт аль ойр бөмбөгөө ойртуулж чадсан нь ялна. Нийт 30 минутын турш өрсөлдөх бөгөөд энэ хугацаанд хэдэн ч удаа тоглож болно. Нэг тоглолтын үеэр нэг тамирчин хамгийн дээд тал нь 4 оноо авах боломжтой байдаг юм байна. Тэмцээний үеэр хэд хэдэн тактик хэрэглэж тоглодог бөгөөд өрсөлдөгч талын цагаан бөмбөгтэй ойр очсон бөмбөгийг өөрийн бөмбөгөөр цохиж холдуулах зэрэг тактик ашигладаг аж.

Наадмын гурав дахь өдрийн тоглолтын сүүлийн медалийг бөөрөнцөг шидэлтийн төрлөөр Х.Балжинням хүртжээ. Монголын Тусгай олимпын наадамд оролцож буй багийнханд дунд хөдөө орон нутгаас ирж оролцож буй долоон тамирчны нэг нь Х.Балжинням. Тэрбээр Өмнөговь аймгаас ирсэн байна.

Ийнхүү энэ удаагийн Тусгай олимпын наадамд манай 28 тамирчин найман төрөлд өрсөлдөж медалийн буухиа өнгө, өнгөөр үргэлжилж байна.

Гэрэл зургийг: Б.УУГАНСҮХ
Мэдээллийн ивээн тэтгэгч: СҮНДИЙ САН

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн