Шинэ Зеландын Крайсчерч хотын хоёр сүмд гарсан буудалцаантай холбогдуулан цагдаа нар дөрвөн хүнийг саатуулсан гэж “Найн-ньюс” теле сувагт мэдээллээ. Түүний гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй гэнэ.
Саатуулагдсан этгээдийн нэг нь Австралийн иргэн Брентон Таррант. Өдгөө 28 настай, хэт барууны үзэлтэй энэ этгээд халдлага үйлдэхээсээ өмнө олон нийтийн сүлжээгээр Германы канцлер Ангела Меркель, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарыг хөнөөхийг уриалж байсан тухай “Нью-Зеланд Херальд” хэвлэлд бичжээ. Мөн тэрбээр халдлагаасаа өмнө 37 хуудас тунхаг бичиг нийтэлж, хийсэн үйлдлээ алан хядах ажиллагаа гэж нэрлэсэн байна.
Түүний зэвсгэн дээр хэт даврагсдын бичиг олон хэлээр бичигдсэн байсан гэж нүдээр үзсэн гэрчүүд хэлжээ. Мөн цагдаагийн байгууллагаас сүмүүдийн ойролцоо тавьсан машинуудаас гар аргаар хийсэн хэд хэдэн тэсрэх төхөөрөмж илрүүлсэн гэж мэдээлж байна. Азаар нэг нь ч дэлбэрээгүй гэжээ.
Зэвсэглэсэн этгээдүүд Крайсчерч хотын төв хэсэгт орших “Аль-Нур” лалын сүм, мөн дагуул Линвуд хотын лалын сүмд өдрийн мөргөлийн цагаар дайран орж, үүдийг нь цоожилж байгаад хүмүүс рүү автомат буугаар буудсан байна. Энэ үеэр энэ хоёр сүмд 200-300 хүн байсан тухай гэрчүүд мэдээлж байна. Мөн дуулга зүүсэн цагаан арьст этгээд халдлага үйлдэх үеэрээ утсаараа шууд дамжуулалт хийж байсан гэж сүмд байсан хүмүүс мэдэгджээ.
Хэвлэлүүдэд энэ буудалцааны улмаас 27 хүн амиа алдаж, 40 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээлж байгаа юм. Үүнээс гадна хотын нэг эмнэлэгт буун дуу гарсан тухай орон нутгийн “1 Ньюс” суваг мэдээлж байна. Хотын цагдаагийн комиссар Майк Буш иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна. Түүнчлэн бүх сургууль, төрийн байгууллагуудыг хаажээ.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн Крайстчерч хотод болсон уг үйл явдлыг “Энэ бол улсын маань түүхэнд тохиож байгаа хамгийн хар өдрүүдийн нэг боллоо” гэж мэдэгдсэн байна. Хэргийг үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих ял өгөх магадлалтай байна.