АНУ Оросын эсрэг шинэ хориг тавив

Оросын хувь хүмүүс, байгууллагуудын эсрэг Украинтай холбоотой шинэ хориг зарласан гэж Вашингтоны засаг захиргаа өчигдөр мэдэгдлээ. Хоригт ОХУ-ын зургаан иргэн, найман байгууллага багтан АНУ-ын Сангийн яамны хар жагсаалтад нэмэгджээ.
Хоригт багтсан хувь хүн, байгууллагуудыг ОХУ-ын Холбооны Аюулаас Хамгаалах Алба, хил хамгаалах газрын албан тушаалтнуудаас гадна Украины Донецкийн бүс нутагт сонгуулийн санал хураалт зохион байгуулсан гэж үзжээ.
Мөн “Керчийн хоолойд Украины байлдааны хөлөг рүү довтолж, Крымийн хойгийг эзлэн түрэмгийлсэн, дорнод Украин дахь салан тусгаарлагч хөдөлгөөнийг дэмжсэн” гэх мэт хууль бус үйл ажиллагаанд оролцсон гэсэн тайлбарыг АНУ өгч байна.
Крымийн хойгийг Украинаас салгаж, ОХУ-д нэгтгэсний таван жилийн ой энэ өдрүүдэд болж байна. АНУ-ын Сангийн яамны шинэ хориг хугацааны хувьд энэ үйл явдалтай давхцаж байгаа юм.
Эх сурвалж: ТАСС