[starbox]
ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ
Малчид ноосны урамшууллаа авч, Засгийн газар бүх тендерийг тавдугаар сарын 01-ний дотор зарлаж дуусгахаа мэдэгдэн, 1000 айлын түр оршин суух орон сууцны төслийн ажлыг хурдасгана, 1000 иргэний газар өмчлөх хүсэлтийг шийдвэрлэнэ гэсэн уриа лоозон шинжтэй мэдээлэл түгээв. Нийгмийн даатгалынхан 5000 нас барсан иргэний баримтыг ашиглан мөнгө завшиж байжээ. “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл Эрдэнэс таван толгойн хувьцааг ард иргэдэд ашигтайгаар түгээхийг шаардсан зэрэг улс төр, эдийн засагтай холбоотой мэдээллүүд ар араасаа хөвөрсөн долоо хоног өнгөрч байна.
МАН-ын хэрүүл тогооноосоо халих нь санамсаргүй тохиолдол биш: Үүнтэй зэрэгцэн өнгөрөгч долоо хоногт УИХ-д суудалтай улстөрийн намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй улс төрчид өрсөлдөгчөө намнан, нэг нэгнээсээ ялгарах гоцлон тоглолтоо эхлүүлэв. Цацагдсан мэдээллээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын танхимын сайд нартаа тараан түгээсэн долоон концессын гэрээ.
Одоохондоо Н.Номтойбаяр, С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нарын нэр дуулдаж байгаа ч араасаа цөөнгүй сайд нарыг чирэх эдгээр концессын гэрээ нэг талдаа Ж.Эрдэнэбатын танхимын сайд нарын хувийн ашиг сонирхлыг нөгөө талдаа МАН доторх зөрчлийг илчилж орхив.
Дотоод зөрчлөө сүрхий нууцалж, гишүүдээ намын бодлого, Удирдах зөвлөлийн шийдвэрээс зөрөхийг тэвчдэггүй МАН-ын хэрүүл тогооноосоо халина гэдэг санамсаргүй тохиолдол биш. Эрх баригчдын хурлын проткол, Засгийн газрын гишүүдийн мөнгөний сонирхол хэвлэлээр дэлгэгдэх нь ирж яваа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг санаархаагүй юм гэхэд сонгуулийн дараах бялуу хуваарилалтаас хоцрохыг үл хүссэн хэн нэгний хийсэн үйлдэл байж болохоор.
Б.Баабарын С.Эрдэнэд барих бэлэг: Энэ долоо хоногт АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдээ хүлээн авсан мэдээ байна. АН-аас Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Л.Болд, Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, “Женко” Х.Баттулга, “Буян”-гийн Б.Жаргалсайхан, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нар Ерөнхийлөгчид өрсөлдөх гэж байгаагаа намын даргадаа дуулгажээ. Үүнээс гадна Б.Баабар нэр дэвшинэ гэдгээ зарласан.
С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ нийслэл болон орон нутгийн намын гишүүдийн саналаар тодруулж, хамгийн өндөр санал авсан гурван нэр дэвшигчийг АН-ын VIII Их хурал дээр хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргах гэж байгааг тус намд ойр эх сурвалж мэдээлсэн байгаа. АН-ын даргын хувьд Б.Баабарыг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг дэмжихгүй байгаа аж. Тэдний дунд хоёр жилийн өмнө дэгдсэн хувийн шинжтэй хэрүүл зарга Б.Баабарыг АН-д өрнөх сонгуулийн сунгааны босгыг давж амжихгүй болгож буй бололтой. Ийм хаалт босч ирвэл нийтлэлчийн зүгээс С.Эрдэнэд өгөх хариу нь бараг бэлэн болчихсон байгаа болов уу.
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилогчид бараг бүгд тодорсон ч өнгөрсөн долоо хоногийг чимээ анир багатай өнгөрөөцгөөв. Гэвч ирэх долоо хоногоос тэдний хөдөлгөөн идэвхижиж хэвлэл болон олон нийтийн сүлжээгээр нэг нэгнээ намнаж эхэлбэл гайхах хэрэггүй. Энэ нь улс төрчдийн нэгнийхээ эсрэг ашиглаж хэвшсэн арга юм.
Би буруугүй: Өнгөрөгч долоо хоногт Таван толгойн цэргийн ангийн сургуулилтын талбайд гранат дэлбэрч хоёр алба хаагч амиа алдсан хэрэгт “би буруугүй” хэмээн салбарын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдэв. Харин хэвлэлүүд хэрэг явдал болох үед ангийн захирагч нь согтуу байсан. Зэвсэгт хүчний 350-р ангийн алба хаагчид Таван толгойн цэргийн ангийн сургуулилтын талбайд батлагдсан хуваарийн дагуу буудлага хийж чадахгүй болж, хойшлуулах үед бүх галт зэвсэг хэрэгслийг хадгалах байрнаас нь гаргачихсан байсан талаар мэдээлж, дуулиан шуугиан цааш хэсэг хугацаанд өрнөнө гэдгийг сануулав.
Засгийн газар Олон улсын вальютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр хэд хэдэн төрлийн татвар нэмэгдэхээр болсон. Өнгөрсөн долоо хоногт автомашин импорлогчид татвар нэмэгдсэнээр “пирус машины үнэ дунджаар таван сая төгрөгөөр нэмэгдэх” нь хэмээн эсэргүүцэл үзүүлж, Украины хил дээр Монгол Улсын дипломат паспортыг ашигласан иргэн хууль бусаар тамхи тээвэрлэж яваад баригдав. Мөн Архангай аймагт Цахир сумын Тэрхийн голын мөс цөмөрч, живсэн 5-7 насны гурван хүүхдийн амь насыг цагдаагийн албан хаагч аварч, Хан-Уул дүүргийн 14 дугаар хорооны Амгалан хотхонд хоёр хаус шатсан зэрэг иргэдийн анхаарлыг татсан олон мэдээ мэдээлэлтэй нэг долоо хоногийн түүхийг бичсэн хуудас эвхэгдэв.