Шарсан тахианы сүлжээ ресторон KFC-гийн Зайсан дахь салбарын хоолноос өнгөрсөн хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн олон хүн хордсоны улмаас бусад салбаруудыг хаана гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан билээ. Мэргэжлийн хяналтын байгууллагад энэ талаарх мэдээлэл тухайн сарын 12-нд ирсэн байдаг. Тэгвэл энэ асуудал өдгөө ямар шатандаа явж байгаа талаар бид эргэн сурвалжиллаа.
НМХГ-аас KFC сүлжээ хоолны газруудыг шалгаж дууссан. Тухайн шалгалтынхаа явцад шаардлагатай тохиолдолд зарим салбаруудын үйл ажиллагааг нь түр зогсоон ажиллажээ. Энэ бүх шалгалтын дүнг нэгтгэж, эцсийн дүгнэлтийг гаргах юм байна. Энэ бол НМХГ-ын даргын удирдамжаар зохион байгуулагдсан төлөвлөгөөт бус шалгалт байв. Төлөвлөгөөт шалгалтыг хийхдээ эрсдэлээр нь ангилж, эрсдэл ихтэйг нь хамруулдаг юм байна. Эрсдэлийн үнэлгээг явцын шалгалт буюу урьдчилан сэргийлэх тандалтаар дүгнэж тодорхойлно. Тэгэхээр өндөр эрсдэлтэй үнэлэгдсэн KFC ирэх жилийн төлөвлөгөөт шалгалтын жагсаалтад зайлшгүй орохоор болж байгаа юм.
Зайсан дахь KFC-гийн усны бичил биетийн хэмжээ зөвшөөрөгдөх стандартаас давсан үзүүлэлттэй гарсан байдаг. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас гүний худгуудад ч одоо шалгалт хийж байгаа аж.Хэсгийн усан хангамжтай бол тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Тэдгээр шаардлагыг шууд хараад газар дээр нь оношлох боломжгүй учраас хариу нь удаж байж гардаг юм байна. Гэхдээ урьдчилсан байдлаар стандартад заасан хэмжээнээс их нянтай гэдгийг Мэргэжлийн хяналтынхан хоёрдугаар сарын 16-ны өдөр илрүүлсэн байдаг. Гэтэл иргэд хордлогоос хойш ийм удаан хугацаа өнгөрчихөөд байхад дүгнэлт гарахгүй байгаа нь хардлага дагуулж байна гэлцэх болов. Мэдээж энэ нь бусад хүмүүсийн эрүүл мэндийн асуудалтай ч холбоотой учраас хүлээлт үүсгэх нь тодорхой.
Аливаа шалгалт шинжилгээний дүн хэр олон дээжээс хэчнээн төрлийн шинжилгээ авахаас шалтаалдаг тул хугацаа их шаардагддаг гэдгийг мэргэжлийн хяналтынхан тайлбарлаж байна. Тухайлбал тухайн хүнсэн дэх нянг нь тодорхой орчин нөхцөлд ургуулж үзээд үнэхээр тэр нян байна уу, үгүй юу гэдгийг үзээд тэндээс ямар төрлийн нян илэрч байгааг үндэслэн шалтгаан, дүгнэлтийг гаргадаг аж. Ихэнх хүмүүс микроскопоор хараад л байгаа үгүйг нь тодорхойлчихдог мэт ойлголттой байдаг. Тиймээс урьдчилан яаран дүгнэлт гаргаж, мэдээлэл хийх боломжгүй гэсэн тайлбарыг мэргэжлийн хяналтын байгууллага өглөө.
Дүгнэлт нь хохирлыг барагдуулах баримт болно. Дүгнэлтийн дагуу нөхөн төлбөрийг төлүүлэх тухай шүүхийн дүгнэлт гарах учиртай. Тэгэхээр мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт хөдлөшгүй эцсийнх байдаг учраас эцэслэн мухарлаж байж мэдээлэл өгөх юм байна.
Ямартай ч KFC-д Зөрчлийн тухай хуулиар 9 сая төгрөгийн торгууль оногдуулахаар байгаа. Үүн дээр хохирсон иргэдийн нөхөн төлбөр болон бусад зөрчлийн ямар асуудал үүссэнээс шалтгаалан торгууль нь нэмэгдэж таарна.
KFC сүлжээ хоолны газрын Зайсан дахь салбарын хоолноос хордлого авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн ээж н.Зулаатай холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Хүүхэд нь эмнэлэгт хэд хоног хэвтээд гарав. Одоо хүүхдийн биеийн байдал сайн байгаа юу?
-Эмнэлэгт зургаан хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Одоо хүүхдийн бие сайн байгаа.
-Та нар өргөдөл гомдлоо өгсөн үү. Хэчнээн төгрөгийн эмчилгээ хийлгэсэн бэ?
-Бид Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад өгсөн байгаа. Дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллага нь цаад байгууллагад хандаад, бидний хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Миний хувьд хохирлын хэмжээгээ 600 гаруй мянган төгрөгөөр тооцон гаргаж өгсөн. Хоёр хүүхдийн маань нэг нь эмнэлэгт хэвтсэн юм. Би бага хүүхдээ сахиж хэвтсэн болохоор ажлаасаа актаар чөлөө авсан. Эмнэлгээс гараад үргэлжлүүлэн уух эм бичиж өгсөн. Том хүүхэд маань арай гайгүй байсан учраас эмнэлэгт хэвтүүлээгүй, гэрээр эмчилсэн. Тэр баримт нь байхгүй учраас зөвхөн өөрийн ажлынхаа хэдэн өдрийн цалингаа бодуулаад, эмийн сангаас авсан баримтуудаа өгсөн байгаа.
-Танайхаас өөр хүн өвчилсөн үү?
-Би идээгүй юм. Тэр өдөр манай дүүгийн төрсөн өдөр болоод есүүлээ KFC-гээс хоол идсэн, есүүлээ хордож, шингэн алдаж, бөөлжиж, халуурсан. Эмнэлэгт хоёр хүүхэд хэвтсэн. Манай хүүхдээс гадна нэг хүүхэд аавтайгаа хэвтсэн. Аав нь бас хордлого авсан. Тэгэхээр хордлоготой гурван хүн эмнэлэгт хэвтээд, бусад нь гэрээр эмчилгээ хийсэн гэсэн үг.
-Одоогоор мэргэжлийн хяналтын байгууллагаас болон KFC-гийн Зайсангийн салбараас эргэж та нартай холбогдсон уу?
-Хаанаас ч холбогдоогүй. Бид нар ч эргэж асуугаагүй л байна. Тэр чинь цаашаа прокурорт очоод, прокурор нь хянаад шүүхийн шийдвэр гардаг юм шиг байна лээ. Шүүхийн шийдвэр гарч байж нөхөн олговорыг өгөх байх. Тэр хүмүүсийн ярьж байгаагаар бодит хохирлын хэмжээгээр л өгөх юм шиг байна лээ.
Ямартай ч хордлого авсан хүмүүсийн бие сайжирсан байна. Харин холбогдох байгууллагад хариуцлага тооцох асуудал мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гарсны дараа шийдэгдэх юм байна. Ингэхдээ ХӨСҮТ-өөс өвчтөнүүдэд хийсэн шинжилгээний хариу ч мөн хамааралтай. Тиймээс ХӨСҮТ-ийн ХӨТМА-ны дарга н.Амбасалмаагаас шинжилгээний хариуны талаар лавлалаа.
Гэвч тэрээр “Бүх асуудал болоод өнгөрсөн учраас дахин дахин мэдээлэл өгөх шаардлагагүй. Сенсаци дэгдээж бие биеэ мэрээд яахав, 40 гаруй өвчтөнүүд бүгд 5-9 хоноод эмнэлгээс гарсан шдээ” гэв. ХӨСҮТ-д хэвтсэн өвчтөнүүдийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл өгөхөөс ийнхүү татгалзлаа. Харин Мэргэжлийн хяналтын байгууллагынхтай хамт нэгдсэн том дүгнэлт гарна гэсэн тайлбарыг өглөө. ХӨСҮТ-д зөвхөн KFC-гийн Зайсан дахь салбараас хордлого авсан хүмүүс л хэвтэн эмчлүүлжээ. Өөр салбараас хордлого авсан гэх хүн ирээгүй гэнэ.
Тахианы махны шинжилгээг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хийж байгаа бөгөөд энэ долоо хоногоос дүгнэлт гарах сурагтай байна.
Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хэрэглэгчийн хяналтын хуудас гэж зүйлийг нэвтрүүлснийг мэдэх хүн цөөн. Энэхүү хуудсыг ашигласнаар үйлчлүүлэгчид тухайн хоолны газар ямар стандарт шаардлагыг хангасан байх ёстой, түүнээс аль нь зөрчилтэй байгаа вэ гэдгийг хараад л шууд мэддэг болох боломжтой юм байна. Хяналтын хуудсыг бөглөхөд төвөггүй, элдэв мэдлэг шаардагдахгүй бөгөөд “тийм, үгүй” гэсэн хоёрхон хариултаар дүгнэх юм. Энэ нь мэргэжлийн хяналтынхны үнэлгээнд шууд нөлөөлдөг аж.
Хамгийн гол нь иргэд үйлчлүүлэгчид нүдэн дээр байгаа зөрчилтэй асуудлыг шууд хэлж, шаардлага тавихаас илүүтэй цахим орчинд маш их сенсаци тарьдаг дүр зураг манайд элбэг. Тэгвэл бид бусдадаа олон нийтийн сүлжээгээр үнэн, худал нь тодорхойгүй мэдээлэл түгээхээс илүү газар дээр нь шаардлагаа тавьж, хэрэглэгчийн хяналтын хуудсыг ашиглах нь үр дүнтэй гэдгийг ойлгож, хэрэгжүүлэх цаг нь болжээ.
Я.ХУЛАН