Амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн талаар сургалт боллоо Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтний амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадварыг сайжруулах, дархлаажуулалтын талаарх мэдлэгийг сэргээх зорилгоор ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ-аас “Амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт” сургалтыг энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний 24.056 тохиолдол бүртгэгдэж, 10.000 хүн амд 164.4 байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2752 тохиолдол буюу 11.4 хувиар, 10.000 хүн амд 32.3-аар буурсан үзүүлэлттэй байгаа ч амьсгалын замын цочмог халдварт өвчний тохиолдол өндөр хэвээр байна. 2019 он гарсаар менингококкт халдварын 4 тохиолдол бүртгэгдсэн ба хүүхдийн эндэгдэл 1 бүртгэгдлээ. Мөн дэлхийн хэмжээнд 2018 онд улаанбурхан өвчний 229.068 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоогоор Энэтхэг, Тайланд, Бангладеш, Филиппин, Малайз, БНХАУ, Украин, Гүрж, Серб, Итали, ОХУ зэрэг оронд улаанбурханы дэгдэлт гарч, манай улсад 2019 оны гуравдугаар сарын 11-ний байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд болон Говьсүмбэр аймагт тус бүр 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, сургалт сурталчилгааг идэвхитэй зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх тус сургалтанд ӨЭМТ, тосгоны эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төв болон Нийслэлийн түргэн тусламжийн төвийн нийт 200 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдлаа.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн