Арлын Япон улсын эртний нийслэл, одоогийн хоёр дахь том хот Киото шашин шүтлэг, соёл урлагийн өлгий нутаг билээ. Энэ хотод Японы бүхий л том сүм хийд, шашны дурсгалууд оршдог бөгөөд жилдээ 53 сая жуулчин хүлээн авдаг. Эрдэмтэн Хироши Ишигуро Тус хотод байрлах 400 жилийн түүхтэй Кодайжи хийдэд дэлхийн хамгийн анхны робот бурхныг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд танилцуулжээ.

Энэрэл нигүүлсэл, амар амгалан, эв нэгдэл, сэргэн мандалт, хөгжил дэвшлийг бэлгэддэг Майдар бурхныг төлөөлүүлэн бүтээсэн “Миндар” нэртэй уг робот бурхан нь андройд үйлдлийн системээр ажилладаг, 195 см өндөр, 60 килограм жинтэй 3D робот биет юм. Осакагийн Их сургуулийн Робот хөгжүүлэлтийн тэнхимийн эрхлэгч, профессор Хироши Ишигурогоор удирдуулсан эрдэмтдийн баг энэхүү бүтээлийг хийжээ. Ишигуро бол робот, хиймэл оюун ухааны салбарт өөрийн нэрээ мөнхөлж яваа чадварлаг эрдэмтэн юм. Хөнгөн цагаан болон силиконоор хийсэн, эр эм хүйсийн харьцааг тэнцүүлсэн дүр төрх бүхий робот бурхныг бүтээсэн зорилго нь шинэ эрин үеийн хүүхэд залууст орчин үеийн хөгжил дэвшлээр дамжуулан мартагдаад буй зан заншил, Буддын шашны сургаал номлолыг түгээн дэлгэрүүлж, таниулан сурталчлах аж.

Ойролцоогоор нэг сая орчим ам.долларын өртгөөр бүтсэн Миндар робот бурхан нь ярьж байхдаа их бие, толгой, нүд, гараа хөдөлгөдөг төдийгүй Буддын лам нарын нэгэн адил маань хөгжөөж, хонх дамар дугаргаж, хоёр алгаа хавсран залбирч чаддаг байна. Түүнчлэн түүнд бурхан багшийн “Билгүүний зүрхэн судар” номыг айлдах 25 минутын програмыг суулгажээ. “Билгүүний зүрхэн судар хэмээх номонд хувь хүн өөрөө өөрийнхөө асуудлыг шийдвэрлэж чадах урам зоригийг өгөх, тулгарсан асуудлыг эерэгээр харж шийдлийг олохыг номлосон байдаг. Тиймээс бид энэхүү бүтээлээрээ дамжуулан сүсэгтэн олон өөрт тохиолдсон асуудлаа өөрөө гарц олон шийдвэрлэж, өөр дээрээ төвлөрөх боломжийг олгож чадна гэж бодож байна. Мөн энэхүү роботыг гаднаас нь харахад зүгээр л програмчилсан төмөр биет шиг харагдаж байж магадгүй.

Гэхдээ бид үеийн үед чулуу, алт, гуулиар ямар нэг бурхны хөшөө баримал хийгээд, түүндээ сүсэглэн мөргөдөг шүү дээ. Тэгвэл энэ робот бурхан тэдгээр хөшөө баримлын орчин үеийн хэлбэр нь гэсэн үг. Бүх зүйл тухайн хүний харах өнцгөөс шалтгаална” хэмээн зохион бутээгчид хэлсэн байна. Төслийн багийн гишүүн Осакагийн их сургуулийн эрдэмтэн Кохэй Огава “Билгүүний зүрхэн судар” гэх энэ номыг уншихад хэн ч цаад гүн ухааны сургаал номлолыг нь ойлгодоггүй. Сүсэгтнүүд ч тэр, лам нар өөрсдөө ч тэр. Хэрэв сүсэгтнүүд тухайн ламаас энэ номын утга санааг тайлбарлаад өг гэвэл тэр болгон тайлбарлах лам олдохгүй л болов уу.

Лам нар ёстой л робот шиг цээжилсэн текстээ шүлэг шиг уншчихдаг” хэмээн ярьжээ. Харин Миндар роботын хувьд хэрэв сүсэгтэн түүнээс судрын цаад утга санаа, философийг тайлбарлуулахыг хүсвэл ханан дээр текстэн хэлбэрээр уг номын мөн чанар, сургаал номлолыг энгийн хүнд ойлгомжтойгоор англи, япон, хятад хэлээр гарган үзүүлдэг байхаар програмчлагдсан байна. Эхэндээ гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэй байхаар төлөвлөсөн байсан ч сүсэгтнүүдийн хүсэлтийн дагуу тавдугаар сар хүртэл Кодайжи сүмд сүсэгтэн олонд сургааль номлолоо “айлдахаар” болжээ. Мөн шинэчлэх зүйлс маш олон байгааг ч нуусангүй. Цаашид хүмүүс өөрт тулгарсан хувийн асуудлаа Миндар робот бурханд өчихөд тэднийг сонсож, зөвлөгөө өгдөг байхаар шинэчлэх ч боломжтой аж. Энэхүү сонирхолтой бүтээл нь дотоодын төдийгүй гадаадын, тэр тусмаа Буддын шашинтай орнуудын жуулчдын Киото хотыг зорих бас нэгэн шалтгаан болох нь дамжиггүй.

Эх сурвалж: THEDIPLOMAT.COM

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн