Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн алба хаагчид 2019 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хараа хяналтгүй ганцаараа явж байсан нэг настай эрэгтэй хүүхдийг тус дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрээс 16.00 цагийн орчимд олжээ. Хүү хэлд ороогүй учраас өөрийн болон аав ээжийнхээ нэрийг хэлж чадахгүй байсан тул нийслэлийн бусад цагдаагийн хэлтсүүдэд зарлан мэдээлэл хүргэсэн байжээ.
Гэтэл дээрх хугацаанд хүүгийн ар гэрийнхэн нь цагдаад дуудлага мэдээлэл өгөөгүй байсан гэнэ. Цагдаагийн алба хаагчид асарч, орой болтол эцэг эхийн үүргийг орлон гүйцэтгэсэн аж. Тэд хүүгийн эцэг эхийг олж тогтоохын тулд бүхий л арга хэмжээг авсан боловч ар гэрийнхэн нь олдоогүй учраас хүүг тухайн өдрийн 23:30 цагт “Хүүхдийн тусламжийн 108 төв”-д хүлээлгэн өгчээ.
Гэтэл хүүгийн эцэг эх хүүхдээ алга болсныг өчигдөр /2019.03.11/ орой мэдэж 20:16 цагт цагдаагийн байгууллагад хандсан байна. Дээрх хэргийн шалтгааныг тодруулахад хүүгийн эцэг эх салсан бөгөөд хүү аавтайгаа байдаг аж. Хүүгийн аав нь тухайн өдөр “Ээж нь аваад явсан биз” хэмээн тоогоогүй орхисон гэнэ. Иймд эцэг эхчүүдийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.