“Эко Алтан Заамар” компанийн уурхайн ослын албан ёсны дүгнэлт хараахан хараагүй байна. Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтийг 14-21 хоногийн хугацаанд гаргах ёстой. Ослын газарт МХЕГ болон ОБЕГ-ын аврах анги 9 хоног ажилласан.
Энэ хугацаанд ослын шалтгааныг тогтоох ажлууд хийгдсэнээс гадна нэлээдгүй зөрчил байна гэж үзээд л уурхайн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байгаа юм.
МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан ослын газарт ажиллаж байх үедээ нуранги үүсэх болсон шалтгааныг хиймэл нуурыг хэвгий газрын дээд талд байрлуулснаас болж уруу газрын хана руугаа нэлээд их шүүрэл өгсөн гэж үзэж байгаа тухайгаа хэлж байсан.
Тухайн уурхай гүний усны олон хагалбар газарт байрладаг бөгөөд уурхайн гүний 50 метрт усны судалтай байсан гэнэ. 80 метр өндөртэй уурхайн хананд усны хөлдөлт явагдаж тэлсэн, хавар нь эргэж агшилт өгснөөс болж тодорхой хэмжээнд хөрсний сулралт бий болж, усны нэвчилтийн болон уулын өндөржилтийн даралтын ачааллыг дийлэлгүй улмаас нуралт үүссэн байж болзошгүй гэсэн мэдээг МХЕГ өгч байна.
Ослыг цагдаагийн байгууллагынхан шалгаж, Эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт явуулж байгаа. Харин компанийн зүгээс амиа алдсан дөрвөн уурхайчны ар гэрт тус бүр хоёр өрөө байр мөнгөн тэтгэлэг өгсөн байна. Мөн Хөдөлмөрийн хуулийн дагуу МХЕГ үйлдвэрлэлийн ослын акт тогтоон, осолдсон уурхайчдын ар гэрт 193 сая 320 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгох тооцоог гаргаж өгчээ.
Мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг гурван уурхайчны ар гэрт 100 хувь, нэг уурхайчны ар гэрт 50 хувиар бодож олгохоор болжээ.