БНСУ-ын Засгийн газраас өнгөрсөн Ням гарагт гаргасан нэгэн тооцооллоор тус улсад ойролцоогоор 2,500 орчим хүн сард 100 саяас дээш вон буюу 88,000 ам.доллартай тэнцэх хэмжээний орлого, цалин олдог гэсэн тооцоолол гарчээ. Түүнчлэн тус улсын Эрүүл мэндийн даатгалын газраас гаргасан тооцооллоор 2,495 хүн сард 3.1 сая воныг эрүүл мэндийн даатгалд төлдөг бөгөөд энэ нь тус улсын нийгмийн даатгал төлөгчдийн 0.014 хувийг бүрдүүлж байгаа аж.
ЭМД төлөгч эдгээр иргэдийн дийлэнх нь БНСУ-ын томоохон компани, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнууд байгаа юм. Тус улсад ЭМД-ын тал хувийг байгууллагаас, тал хувийг нь татвар төлөгч өөрийн орлогоосоо төлдөг байна. Өнгөрсөн долоодугаар сард энэхүү эрүүл мэндийн даатгалын дээд хэмжээ 2.39 сая вонд хүрч байсан бол өдгөө ийнхүү 3.1 саяд хүрч өсөөд байгаа аж. БНСУ-ын Засгийн газар өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн бага орлоготой өрхүүдэд зориулж даатгалын дарамтыг хөнгөлж, илүү өндөр орлоготой өрхийн даатгалын шимтгэлийг өсгөөд байсан юм.
Түүнчлэн тус улсын нэг өрх нийт орлогынхоо 33.3 хувийг эрүүл мэндийн үйлчилгээ, эм бэлдмэлд зарцуулдаг гэсэн судалгаа 2016 онд гарч байсан бөгөөд энэ нь бусад улстай харьцуулахад 10 орчим хувиар өндөр байна.
Эх сурвалж: Koreatimes