Фэйсбүүк компани өөрийн мессэнжэр үйлчилгээг өндөр нууцлалтай, мессэж нь автоматаар сервэр дээрээс устгагддаг болгон өөрчлөх гэж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг өчигдөр зарлажээ. Өөрийн блог хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ тэр Фэйсбүүкийг “хувийн нууцлалыг анхаарлын төвдөө тавьсан харилцааны платформ” болгоно хэмээн бичсэн байна. “Ирээдүйн харилцаа холбоо нь хувь хүмүүсийн хоорондоо дамжуулж байгаа мэдээлэл өндөр нууцлалтай, дундаас нь хэн нэгэн унших, чагнах боломжгүй, хуулбар нь хаа нэгтээ үүрд хадгалагддаггүй байх зарчим дээр суурилна гэдэгт би итгэлтэй байна. Ийм ирээгүйг бий болгохыг би хүсэж байна” гэж Марк Зукербэрг тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл Фэйсбүүк мессэнжэрээр илгээх мессэж нь нэг хүнээс нөгөө хүнд хүрэх хүртлээ кодлогдсон байх бөгөөд дунд нь ямар нэг сервер дээр хадгалагдаж үлдэхгүй байх ёстой гэнэ. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг бусдад санамсаргүй болон санаатайгаар ашиглуулсан тухай дуулиан Фэйсбүүк компаниас салахгүй байгаа. Тиймээс Марк Зукербэрг ийм эрс өөрчлөлтийг хийхээр санаа шулуудсан бололтой. “Бид түүхийнхээ туршид нээлттэй зарчмыг баримталж ирсэн учраас Фэйсбүүкийг хувийн нууцлалыг дээдэлсэн платформ болж чадна гэдэгт олон хүн итгэхгүй байгааг би ойлгож байна.
Гэхдээ бид хүмүүсийн хүсэл сонирхлын дагуу өөрчлөгдөж чаддаг болохоо харуулсаар ирсэн билээ” гэж тэр бичсэн байна. Ингэж хүмүүсийн мессэжийг сервэр дээрээ хадгалахгүй болсноор дэлхийн зарим улс орнууд Фэйсбүүк үйлчилгээг газар нутаг дээрээ хаах арга хэмжээ авах эрсдэл байгааг Зукербэрг хүлээн зөвшөөрчээ. Тэрээр ойрын жилүүдэд Фэйсбүүк компани дээр дурдсан өөрчлөлтүүдийг нэвтрүүлнэ гэж мэдэгдсэн байна. Одоогоор тус компанийн эзэмшдэг WhatsApp мессэнжэр хэрэглэгчийнхээ мессэжийг нэг хүнээс нөгөө хүн хүртэл нь кодлон дамжуулдаг. Тэгвэл цаашдаа Фэйсбүүкийн бүх үйлчилгээнд ийм зарчим нэвтрэх ажээ.
Эх сурвалж: Business Insider