Сүүлийн үед дэлхий дахинд төдийгүй Монгол Улсад хорт хавдраар нас барж буй тэргүүлэх шалтгааны гуравдугаарт ходоодны хорт хавдар орж байна. Тэр ч бүү хэл, манай улс энэ хавдрын улмаас нас барж буй хүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлж байна. Энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн 30 хүрэхгүй хувь нь таван жил амьдардаг маш хорон явцтай, нас баралт өндөртэй, аюултай өвчин гэдгийг хавдар судлалын эмч нар анхааруулсаар байгаа. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийд жилд нэг сая гаруй хүн ходоодны хорт хавдартай гэж оношлогдож байгаагаас 723 мянга нь нас бардаг аж. Харин манай улсад жилд 800 гаруй хүн оношлуулдгаас 500 орчим нь уг аюулт өвчнөөс болж амиа алддаг байна.
Ихэнх тохиолдолд ходоодны хорт хавдар хожуу үедээ илэрдэг бөгөөд ийм үед таван жил амьд явах магадлал 15 хувьтай байдаг. Эхний таван жилийг давсан бол 10 жил амьдрах магадлал 11 хувьтай байх ажээ. Тэгвэл 50 хүртэлх насныхан амьд үлдэх магадлал 16-22, 70-аас дээш насныхны үзүүлэлт 5-12 хувьтай байдаг байна. 2018 оны байдлаар энэ төрлийн өвчлөлийн 890 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тэднээс 600 гаруй нь нас барсан байна. Харин энэхүү аюулт өвчний нэг шалтгаан нь давсны хэтрүүлсэн хэрэглээ болж байгааг бид төдийлөн мэддэггүй. Тиймээс давсыг хоол ундандаа тааруулж хэрэглэх, улмаар ходоодны хорт хавдрын өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ.
Я.ЭРДЭНЭ-ОЧИР: ДАВС БОЛ ХОРТ ХАВДРЫГ ДЭМЖДЭГ ЭЛЕМЕНТ
ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн удирдагч, Монголын ходоодны хорт хавдрын нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Я.Эрдэнэ-Очир ходоодны хорт хавдар нь давсны хэрэглээтэй холбоотой байгааг хэллээ.
-Танай эмнэлгийн судалгаанаас үзэхэд орон нутгийн иргэдийн дунд ходоодны хорт хавдрын өвчлөл дийлэнх байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Ходоодны хорт хавдрын өвчлөл манай улсын хувьд дэлхийд дээгүүрт ордог. Орон нутгийн хувьд баруун бүсийн иргэдийнд дунд өвчлөл өндөр байна. Нарийвчилж хэлэхэд, Увс, Ховд, Баян-өлгий, Завхан, Хөвсгөл аймгууд бий гэсэн миний хувийн судалгаа бий. Увс аймгийн хувьд 1,000 хүн тутмын 60-62 нь энэ өвчнөөр өвчилж байгаа. Зүүн аймгуудын хувьд давсгүй цай уудаг болохоор энэ төрлийн өвчинд бага нэрвэгддэг гэж би хувьдаа бодоод байгаа юм.
-Ходоодны хорт хавдраар өвчлөх гол шалтгаанд давсны хэрэглээ багтдагийг бид төдийлөн мэддэггүй шүү дээ?
-Хэд хэдэн хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт газар зүйн байршил, удамшил, ундны устай холбоотой. Дараагийн гол шалтгаан нь хоол хүнс ба тэр дундаа давсны хэт хэрэглээ юм. Давс гэдэг чинь өөрөө хавдрыг дэмждэг элемент. түүнийг хэрэглэх ёстой хэмжээнээс нь хэтрүүлээд байвал өвчлөх нь ойлгомжтой болоод байгаа юм л даа.
-Өвчилж байгаа хүмүүсийн хүйсийн хувьд ямар байна вэ?
-Эрэгтэй хүмүүс түлхүү өвчилж байгаа бөгөөд эмэгтэйчүүдээс хоёр, гурав дахин их байгаа. Яагаад гэвэл эрэгтэйчүүд хорт зуршил ихтэй байдаг. Орон нутгийн иргэдийн хувьд тэр бүр үзүүлээд байдаггүй нь харамсалтай. Ихэнхдээ бүр хүндэрсэн шатандаа ирдэг. Ерөнхийдөө эмчилгээгүй болсон үедээ л эмнэлэгт ханддаг гэсэн үг.
-Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Хамгийн гол нь эрэгтэй эмэгтэй гэлтгүй хоол хүнсээ тохируулаад, энэ талаар мэдлэг мэдээлэлтэй болмоор байгаа юм. Тэгээд урьдчилан сэргийлэх үзлэгт ороод, жилдээ ядаж ганц удаа ходоодоо дурандуулчихаад байвал сэргийлээд зогсохгүй амь насаа ч алдах эрсдэлтэй тулгарахгүй.
Б.ЭНХ-ТУНГАЛАГ: МОНГОЛЧУУДЫН 92 ХУВЬ НЬ ДАВС ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭЖ БАЙНА
“2015 онд баталсан Засгийн газрын тогтоолоор 2025 он гэхэд монгол хүний давсны хэрэглээг 30 хувиар бууруулна. Үүний тулд нэн тэргүүнд үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн болон нийтийн хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулах ёстой. Энэ чиглэлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс санал, санаачилга гарган ажиллаж байна. Тухайлбал, 2011 оноос хойш “Талх чихэр” компани 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулсан. 2014 оноос “Max маркет” компани гурван нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг 40-60 хувиар бууруулсан.
Энэ мэт сайн туршлагыг бусад аж ахуйн нэгжүүдэд хүргэхийг зорьж байна” гэж НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг ярьсан юм. Манай улсын хүн амын 92 хувь нь давс хэтрүүлэн хэрэглэдэг. ялангуяа баруун бүсийг төлөөлөх Увс аймгийн иргэд хоногт 15 грамм давс хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг байна. Энэ зохисгүй хэрэглээнээс үүдэн тус аймагт ходоодны хорт хавдар давамгайлдаг талаар эмч, мэргэжилтнүүд ийнхүү ярилаа. Тэгвэл судалгаагаар нийг хүн амын 19 хувь нь давс ихтэй хүнсний талаар, 12 хувь нь давс ихтэй хоол, хүнс эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар, 95.1 хувь нь давс багатай хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох талаарх мэдлэг хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Түүнчлэн цусны даралт ихсэх өвчинд өртөх эрсдэлийг бүс нутгаар авч үзэхэд давсгүй цай хэрэглэдэг зүүн бүсийн нийт хүн ам давстай цай ихээхэн хэрэглэдэг баруун бүсийн аймгуудтай харьцуулахад 1.3 дахин бага байжээ.
100 ГРАММ БҮТЭЭГДЭХҮҮНД 0.3 ГРАММ ДАВС АГУУЛСАН БАЙВАЛ ХЭВИЙН
Давсны хэрэглээг бууруулахын тулд юуг анхаарах ёстой талаарх НЭМҮТ-ийн Хоол судлалын албанаас зөвлөснөөр хүргэе. Бага насны хүүхдэд анхнаасаа давс, сахаргүй хоол өгч хэвшүүлэх, давсгүй цай ууж заншихаас гадна хүнс, хоол бэлтгэхдээ давсны хэмжээг өдөр өдрөөр багасгах нь хамгийн зөв арга юм байна. Мөн хүнсний бүтээгдэхүүний сонголт хийхээсээ өмнө гадна сав, баглаа боодлын шошгыг сайн унших хэрэгтэй.
Жишээлбэл, 100 грамм бүтээгдэхүүнд 0.3 грамм, түүнээс бага хэмжээний давс агуулсан бол хэвийн гэж үздэг байна. Импортын зарим бүтээгдэхүүний шошгон дээр давсны хэмжээг биш, натрийн хэмжээг “Na” гээд ард нь бичсэн байдаг. Бидний хоногт хэрэглэж буй давсны дөрөвний гурав орчим нь “далд” буюу хүнсний бүтээгдэхүүнд агуулагдсан давс, үлдсэн нь “ил” буюу хоол хүнс бэлтгэхдээ нэмж хийдэг давс байдаг. Өдөр тутам хэрэглэдэг олон бүтээгдэхүүн давсны агууламж өндөртэй буюу “далд” давс ихтэй юм. Давс ихтэй хүнсийг дурдвал, хиам, давсалж утсан мах, нөөшилсөн мах, загас, ногоо, даршилсан ногоо, цуу, чипс гэх мэт олон бий. Та одооноос идэж буй хоол хүнсэндээ давсыг тохируулан хэрэглээрэй.