Талийгаач шүүгчийн хоригдож байсан камераас гэрээслэл олджээ

АТГ-аас Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулан шалгаж байсан гавъяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа нас барсан хэргийн талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэрээр суллагдахаасаа таван цагийн өмнө нас барсан байв.
Тэгвэл уг хэргийн талаар ШШГЕГ-ын өгсөн мэдээллээр энэ сарын 23-ны орой 21:40 цагийн орчим Л.Бямбаа нь ганцаараа байрлах хорих өрөөндөө өөрийн хувцасаар хоолойгоо боомилсон байдалтай амь насаа алдсан байжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас уг хэрэгт албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн буруутай албан хаагчид холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцож, эргэн мэдээлнэ гэсэн юм. Тухайн үед хяналтын ажилтнууд, давхрын харуулууд ажилдаа хариуцлагагүй хандаж, сонор сэрэмж алдсан байхыг үгүйсгэсэнгүй.
Л.Бямбааг “Сэжигтнийг шүүхийн зөшөөрөлгүй баривчлах тухай” тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, эрх бүхий байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байжээ.
Бас нэгэн эх сурвалж мэдээлснээр тухайн өдөр хоригдлууд 22 цагт унтсан бөгөөд талийгаач шөнийн 00:10 цагт орноос өөрийгөө боомилж нас барсан байдалтай олдсон гэжээ.
Нас барсан шүүгчийн камераас талийгаачийн өмсөж байсан дотуур хувцас болон талийгаачийн өөрийн гараар бичиж үлдээсэн гурван ширхэг гэрээслэл олдсон гэнэ. Хорих ангийн дотоод журманд цагдан хоригдож байгаа этгээдийг тухайн улирлын хувцастай нь орохыг зөвшөөрдөг аж. Талийгаачийн хоригдож байсан өрөө хяналтын камертай ч зарим хэсэгт байрлуулсан камер өрөөг бүрэн хянах боломжгүй байдаг гэсэн тайлбарыг ШШГЕГ-аас өгч байна.