Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсний 55 жилий ойг тохиолдуулан өнөөдөр түүний гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан хөшөөнд нь цэцэг өргөлөө. Энэ үеэр С.Зориг агсны ах С.Баяр, “Дүү минь амьд байсан бол 55 нас хүрэх байлаа. Бид жилд хоёр удаа буюу түүний мэндэлсэн болон нас барсан өдрөөр нь энэхүү хөшөөнд цэцэг өргөдөг. Дүүг минь хөнөөсөн хэргийн мөрдлөг, шүүх хурал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. С.Оюун бид хоёрын зүгээс өмнө нь өрнөж буй үйл явдлын талаар байр сууриа илэрхийлсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэлээ.
55 жилийн ойг тохиолдуулан Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, Ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг С.Амарсанаа оюутнуудад зориулж, С.Зориг болон ардчиллын тухай лекц уншлаа. Мөн Монголын Үндэсний музейд С.Зоригийн тухай үзэсгэлэн нээлтээ хийсэн юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ