Өнөөдөр (2017.04.20) Д.Сүхбаатарын талбайд “Байгальд ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаа боллоо. Арга хэмжээнд улс орны өнцөг булан бүрээс ирсэн Байгаль хамгаалах нөхөрлөлүүд өөрсдийн хийж бүтээсэн төрөл бүрийн байгалийн цэвэр бүтээгдэхүүнээ нийслэлчүүдэд танилцуулан худалдаалав.
Өнөөдрийн үзэсгэлэн худалдааны явцаас монголчууд цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээ үнэлдэг болж, хүний эрүүл мэндэд тустай, элдэв сөрөг нөлөөгүй хэмээн амьдрал ахуйдаа хэрэглэх хүсэл эрмэлзлэлтэй болсныг харж болохоор байлаа. Энэхүү арга хэмжээ маргааш Төрийн ордонд болох “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-ыг угтсан ажил юм байна.
Ерөнхий сайдын ивээл дор болж буй дээрх чуулганд 21 аймаг, 170 гаруй сумын Засаг дарга, 1690 гаруй нөхөрлөлийн 800 гаруй төлөөлөгч оролцох аж. Өнөөдөр улсын хэмжээнд нийт 1629 нөхөрлөл, 1200 гаруй байгаль орчны ТББ, Орчны бүсийн зөвлөл 30, Усны сав газрын захиргаа 21 ажиллаж байна.
Үүнээс гадна улсын тусгай хамгаалалттай хоёр газарт болон ан агнуурын 71 бүс нутагт мэргэжлийн ТББ-ууд гэрээгээр менежмент хийдэг юм байна. Мөн БОАЖЯ-ны санаачилгаар Олон улсын байгууллагын санхүүжилттэй 38 төсөл хэрэгжиж байна. Энэ бүхэн нь хамтын менежментэд гарсан ахиц дэвшил гэдгийг холбогдох албаныхан үзэж байгаа аж. Ойн цоорхойд хаа сайгүй таарах этгээд хэлбэртэй модны ур, хожуулыг ашиглан бэлэг дурсгалын зүйл болон зарим хэрэглээний эд зүйлийг урлаж, амьдрал ахуйдаа ашиглаж байгаа жишээг та доорх зургаас хараарай.
Фото зургийг: МОНЦАМЭ