Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.01.23) Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ.
Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргасан нэг бус тендерт Эрчим хүчний яамны сайд байсан М.Сономпил холбогдсон. Нэг нь дээрх албан тушаалыг хашиж байхдаа яамныхаа эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлж, 264 сая төгрөгийн хахууль авсан үйлдэл. ЭХЯ-наас Дарханы дулааны цахилгаан станцын үнс хадгалах сан барих тендер зарласан аж. Үүнд нь “Хотгор зам” ХХК-ийг ялуулсан бөгөөд М.Сономпил яамныхандаа нөлөөлснийхөө төлөө уг компаниас өөрийн үүсгэн байгуулсан “Залуу Монгол”-ын дансаар дээрх хэмжээний төгрөг хахуульд авсан нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар тогтоогдсон байна.
Мөн эрх мэдэл албан тушаалаа урвуулж өмнөд хөршийн компанид давуу байдал олгосон гэж М.Сономпилийг буруутгасныг уншигчид санаж буй биз ээ. БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпорац” компанийнханд давуу байдал олгохын сацуу тендерт анх ирүүлсэн үнийг нэмэгдүүлсэн аж. Тус компанийнхан “Амгалан” дулааны станцыг 60 сая ам.доллароор барьж ашиглалтад оруулах үнийн санал өгсөн юм билээ. Гэвч гэрээ байгуулах явцад үнийн дүнг 75.9 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, тухайн гүйцэтгэгчийг үндэслэлгүйгээр татвараас чөлөөлсөн нь батлагдсан аж.
Улсын яллагч түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял төлөвлөн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн 263 зүйл:
263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
263.1.Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Энэ бүлэгт дурдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ
22.4 дүгээр зүйл. Хахууль авах
4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.