Брандберг уулын хормойд, Намиби улсын хамгийн хуурай, амьдрал байхааргүй хэсэгт нэгэн ер бусын уламжлалаараа алдартай бергдам хэмээх нэгэн жижиг омгийнхон оршин тогтнодог.
Бергдамуудыг дэлхийн хамгийн бохир хүмүүс гэж үздэг байна. Учир нь тэд амьдралдаа огт усанд орж үзээгүй хүмүүс. Усгүй болохоор л усанд ордоггүй биз гэж та бодож магадгүй. Гэвч үгүй аж. Хэргийн гол учир нь бергдамуудын сүсэг бишрэлтэй холбоотой. Энэ омгийнхон уснаас маш их айдаг, усыг бүх гай зовлонгийн эх үүсвэр гэж үздэг байна. Тэдний арьсанд хуримтлагдсан олон жилийн хур буртаг, бохироос болж “хар хүмүүс” хэмээн хочлох болжээ.
Гэхдээ тэднийг бохир завааны туйл гэж хэлэхэд хэцүү. Учир нь тэд шүдэндээ маш их анхаардаг. Шүдээ бүрэн бүтэн байлгахын тулд арьсны өөдөс байнга зажилж, шүдний сойзыг санагдуулам модон тусгай хэрэгсэл ашигладаг байна. Гэвч тэд хүнд хоол хүнс иддэг болохоор цагийн аясаар шүд нь элэгдэж, өмхөрдөг. Ингэж өмхөрсөн шүдийг нутгийн “шүдний эмч нар” нь хурцалсан савхаар авдаг байна.
Бергдамуудын оршуулгын ёслол ч мөн анхаарал татдаг. Тэд үхэгсдээс сүнсээ зайлтал айдаг болохоор нас барагсдаа аль болох хурдан оршуулдаг байна. Оршуулсан газраа том том чулуугаар дардаг нь талийгаач гэнэт булшнаасаа гарч ирээд өс хонзон авах вий гэж айдагтай холбоотой.
Өнөөдөр энэ омгийнхон мөхлийн ирмэгт ирээд байна. Хэтэрхий бохир заваан нөхцөлөөс болж бергдамуудын дундаж наслалт африк дотроо тун бага буюу 40 хүрэхгүй насалдаг байна. Гэхдээ бергдамуудын хамгийн гол зовлон бол бүх зүйлд тоохгүй ханддагтай холбоотой. Тэд хуурай мөчрөөр хийсэн овоохойд амьдарч, уранхай навтархай хувцас өмсөнө. Олонх нь ажил хайж, тивээр нэг тархжээ. Магадгүй энэ нь хөрш готтентотуудын олон жилийн боолчлолын үр дүн биз ээ.
Энэ хугацаанд тэд төрөлх хэлээ мартаж, готтентот хэл рүү бүрэн шилжсэн байна. Харин ирээдүйг нь харах юм бол энэ омгийнхон дэлхийн угсаатны газрын зургаас бүрэн арчигдахад ойрхон байна.
Эх сурвалж: zen.yandex.ru