2018 оны зургадугаар сард манай улсын Засгийн газраас нийлэг уутны хэрэглээг хязгаарлах шийдвэрийг гаргасан билээ.
Энэхүү шийдвэр ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, хэрэгжих гэж байна.
“Нийлэг уут” гэх тодотголд 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн хэрэглээний нийлэг уут багтах ба эхний ээлжид зах худалдааны төвүүдэд өргөнөөр хэрэглэдэг, иргэдэд үнэ төлбөргүй хүнс бараа савлаж өгдөг уутнууд буюу та бидний хэлж заншсанаар “10-ын” уут, цэнхэр, улаан судалтай уутны хэрэглээг ирэх гуравдугаар сараас хориглоно гэсэн үг.
Дэлхийн байгаль орчин, хүн амын талаарх статистик мэдээг гаргадаг The World Countsбайгууллагаас хүн худалдаж авсан нэг ширхэг гялгар уутыг ердөө 12 минут л ашигладаг ба хүмүүсийн хэрэглээд хаясан нийт уутны гуравхан хувь нь л дахин боловсруулагддаг талаар мэдээлж байсан юм.
Тийм ч учраас дэлхий дээр нэг л өдөрт хаягдаж буй нийт хог хаягдлын 30 хувийг гялгар уут дангаараа эзэлдэг байна. Үүнээс болж далай, тэнгис дэх амьтад олон мянгаараа үхэж, хуванцрын бохирдолд орсон уснаас бид эргүүлэн өөрсдөө хэрэглэж байгаа нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан, анхаарал татсан асуудал болоод байгаа юм.
Монгол Улсын хувьд л гэхэд жилд хоёр сая орчим тонн хог хаягдал гардаг бол түүний дийлэнх буюу 1.4 сая тонн нь Улаанбаатар хотоос гардаг байна. Мөн эдгээр хог хаягдлын 500 тонн буюу дөрөвний нэгийг дангаараа гялгар уутны хог хаягдал эзэлдэг аж.
Гялгар уут нь:
- Байгаль дээр задралгүй 100-400 жил болдог. Ингэхдээ байгаль орчноор дамжуулан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлдэг,
- Гялгар уутны хог хаягдал нь өөрөөсөө их хэмжээний хорт хийг ялгаруулан хөрс, ус болон агаарыг бохирдуулдаг,
- Ганцхан хүн гялгар уутны хэрэглээгээ даавуун уутаар сольсноор 22,000 гялгар уут байгаль орчинд хаягдахаас сэргийлэх боломжтой,
- Гялгар уутыг газрын хөрснөөс бүр мөсөн устгахыг хүлээе гэвэл 1,000 жил шаардагдах ажээ.
Тэгвэл ирэх гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх гэж буй шинэ зохицуулалттай холбогдуулан жимс, ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг савлаж хэрэглэдэг байсан нийлэг уутыг орлох боломжтой энгийн бөгөөд байгальд ээлтэй “ЭКО” санааг та бүхэнд танилцуулж байна:
НЭГ. Хүнсний бүтээгдэхүүн савлах даавуун утсаар хийсэн сеткэн тор
Нийлэг гялгар уутыг орлох боломжтой хамгийн оновчтой бүтээгдэхүүнээр дахин ашиглагддаг жимс, ногоо болон хүнсний бүтээгдэхүүн савлах зориулалттай сеткэн торыг нэрлэх нь зүйтэй юм.
Дэлхийн олон улсын иргэд хүнсний нийлэг уутнаас татгалзан сеткэн торыг жимс, ногоо зэрэг килограммын, савлаагүй хүнсний бүтээгдэхүүн авахдаа хэрэглэдэг болсон талаар гадны эх сурвалжууд мэдээлж байна.
Ийм төрлийн тор нь дотроо олон төрлийн хэмжээ, материалаар хийгдсэн байдаг бөгөөд авах гэж бүтээгдэхүүндээ тааруулан олон төрлийн хэмжээнээс сонгож хэрэглэх боломжтой.
Энэхүү тор нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ савлаж халтар болсон ч угааж, цэвэрлэхэд амархан тул олон дахин ашиглахад тохиромжтой.
Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр ийм төрлийн торны эрэлтэд хүмүүс аль хэдийнээ гараад буйг хог хаягдалгүй амьдрах, амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой Фэйсбүүк группүүдээс харагдаж байлаа.
Нөгөө талаар эдгээр эрэлтийг олж харсан зарим хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэгчид ийм торыг аль хэдийнээ үйлдвэрлээд эхэлжээ. Тухайлбал, ECOMN, Богцхон зэрэг үйлдвэрлэгчид шинээр гарсан байна.
ECOMN брэндийн Фэйсбүүк хаягаар худалдаалж буй даавуун уутны багц нь хоёр том даавуун цүнх болох таван ширхэг торон уут, нэг гэртэйгээ дагалдаж ирдэг ба үүнээс гадна олон төрлийн багцын сонголтоос хийх боломжтой юм.
Тус брэндийн мэдээлж буйгаар долоо хоног бүр эдгээр уутыг багцаар нь хүнсэндээ хэрэглэж, гялгар уутыг орлуулснаар нэг хүнд жилд нийт 260 гаруй ширхэг нийлэг хальс уут болон 104 ширхэг дэлгүүрийн торыг хаягдахаас сэргийлэх талаар танилцуулжээ.
Худалдаалах цэг: Будда Виста Indoor Street, ECOMN Фэйсбүүк хуудас
Үнэ: 20,000-60,000 төгрөг
Ийм төрлийн хүнсний сеткэн торыг мөн гялгар уутны хэрэглээнээс татгалзах аяныг идэвхтэй өрнүүлдэг Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн ганц бие ээжүүдийн холбоотой хамтран гаргаж байгаа юм байна.
“Богцхон” нэртэй тус уут нь даавуун тааран материалаар хийгдсэн бөгөөд нэг багцанд хоёр ширхэг уут ирдэг байна.
Худалдаалах цэг: Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн Фэйсбүүк хуудас, Зайсангийн Owl Book store, Барилгачдын талбайн урд талын Lunablanka, LovingHut хоолны газрууд.
Үнэ: Зузаан тааран уут хоёр ширхэг- 5,500 төгрөг
Нимгэн тааран уут хоёр ширхэг- 4,500 төгрөг
Нэйлон уут хоёр ширхэг- 3,500 төгрөг
Түүнчлэн та бүхэн удахгүй болох гэж буй Сар шинийн баяраар ирж буй зочиддоо ийм төрлийн торыг бэлгэнд сонгож өгвөл нүдээ олсон бэлэг байх болов уу.
ХОЁР. Зөгийн лаваар хийсэн эко хүнсний боолт
Голчлон үлдэгдэл хоол, хүнсний бүтээгдэхүүнээ боож, баглах зориулалтаар ашигладаг хүнсний скоч, тугалган болон калькан цаасыг орлох, зөгийн лаваар хийсэн, дахин ашиглагддаг эко хүнсний боолт сүүлийн үед дэлхийн бусад улсад их өргөн хэрэглэгдэх болжээ.
Энэхүү бүтээгдэхүүн нь зөгийн лав, жожобын тос, нарс модны давирхай болон цэвэр даавууны нэгдлийн үр дүнд бий болдог байна. Давуу тал нь ямар ч химийн нэмэгдэлгүй эко бүтээгдэхүүн бөгөөд халтар болсон тохиолдолд угаагаад л дахин ашиглах боломжтой.
Тус эко бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлснээр нэг л удаа боогоод хаячихдаг гялгар хүнсний скоч, тугалган цаас зэргийг ердөө нэг л бүтээгдэхүүнээр орлуулах боломжтой болно гэсэн үг. Ийм төрлийн боолтыг хүмүүс гэртээ, өөрсдөө ч туслах материалын тусламжтайгаар хийх боломжтой зөвлөгөөнүүд интернэтэд тавигдсан байдаг байна.
Тэгвэл манай улсад ч мөн ийм төрлийн хүнсний боолтыг Beehappy брэнд аль хэдийнээ борлуулаад эхэлжээ.
Худалдаалах цэг: Биоамьдрал дэлгүүр, Beehappy Фэйсбүүк хуудас
Үнэ: 3 ширхэгтэй багц 1 том,1 дунд боолт- 28,000 төгрөг
1 дунд, 2 жижиг боолт – 24,000 төгрөг
ГУРАВ. Ziploc-цахилгаантай уут
Хэдий хуванцар материалаар хийгдсэн ч гэсэн ихэнх айл, өрх өргөнөөр хэрэглэдэг Ziploc гэх энэхүү уут нь бусад хүнсний зориулалттай гялгар уутыг бодвол илүү сайн чанарын материалаар хийгдсэн тул удаан хугацаагаар хадгалж, олон дахин ашиглах боломжтой нийлэг уутны хэрэглээг орлож чадах бүтээгдэхүүн юм.
Худалдаалах цэг: Томоохон хүнсний сүлжээ супермаркетууд
ДӨРӨВ. Даавуун тор
Дэлгүүрийн торыг орлох хамгийн зөв сонголт бол даавуун уут юм. Даавуун торыг өдөр бүр өөртөө авч явснаар хэдэн зуун гялгар уут хогонд хаягдахаас сэргийлэх боломжтойг дээр дурдсан.
Манай улсад ч мөн сүүлийн үед даавун торыг хурал, зөвлөгөөний үеэр үнэгүй тарааж, мөн тодорхой брэндүүд тогтсон үнэ ханшаар худалдаалах болсон билээ.
Эх сурвалж:ikon.mn