Жонни Депп бол домогт жүжигчин. Тэрбээр өөрийг нь ингэж хэлэхэд дургүй бөгөөд “Ийм цол гуншингаа миний оршуулган дээр л хэлж үз. Тэр оршуулга болтол хаа ч байсан юм” хэмээн жишим ч үгүй хэлдэг. Үнэхээр ч тэр бол жинхэнэ домог юм.
Ахимаг насныхан түүнийг “Хайчин гарт Эдвард”, “Нойрмог хөндий” киногоор нь андахгүй бол хүүхдүүд “Карибын тэнгисийн дээрэмчин”, “Алиса гайхамшгийн оронд” кинонд нь дуртай. “Шоколад”, “Нууц цонх” зэрэг киногоороо шүүмжлэгчдийн талархлыг хүртэл хүлээсэн тэрбээр “Оскар”-ын шагнал огт авч байгаагүй юм.
Гэхдээ тэрбээр “Надад тэр шагнал ямар хэрэгтэй гэж. Хүрэл болгож хайлуулах юм уу. Эсвэл шүүгээндээ тоос цуглуулах уу” хэмээн ёжилдог. Түүнтэй санал нийлмээр. Яагаад гэвэл тэр кино оддын дунд дээгүүр зиндаанд бичигдэж, нэг дүр бүтээснийхээ төлөө 20 сая ам.доллар халаасалдаг азтай нэгэн. Депп олны анхаарлын төвөөс гарна гэж үгүй бөгөөд жилд хэд хэдэн кинонд зургаа авахуулаад амжчихдаг жүжигчин. Жонни Депп “Алиса толины цаана” шинэ кинонд Бүрх малгайтай галзуу эрийн дүр бүтээжээ.
Киноны гол үйл явдал нь Алиса гайхамшгийн оронд дахин эргэн ирэхэд тэрхүү этгээд ертөнц, тэндхийн оршин суугчдад охины тусламж хэрэг болдог. Охин сайн найз Бүрх малгайтай галзуу эрийг аврахын тулд цаг хугацааны аялалд гардаг байна.
-Найруулагчид Бүрх малгайтай галзуу эрийг бараг гол дүр болгосонд та гайхсан уу?
-Энэ дүр Льюис Кэрроллын номонд сайн дүрслэгдсэн байдаг болохоор нэг их удаан бодож, ажиллах шаардлага байгаагүй ээ. Үүн дээр надад түүний амьдрал болон Алисагийн өнгөрсөн амьдрал хоёрын хоорондын давхцал маш их таалагдсан. Тэд өөр өөр ертөнцийнх мөртлөө ижилхэн асуудалтай байдаг шүү дээ.
-Ингэхэд та хүүхэд байхдаа Льюис Кэрроллын номонд дуртай байсан уу?
-Хүүхэд байхдаа шунан дурлан уншиж байгаагүй. Үнэнийг хэлэхэд би өсвөр насандаа л уран зохиолын амтанд орсон шүү дээ. Жек Керуак “Замд” номоороо миний дур сонирхлыг ихээр татсан. Түүнчлэн дуучид, кино жүжигчдийн намтар номонд дуртай байсан. Баримтат бүтээл сонирхдог маань одоо ч хэвээрээ. Саяхан би Романовын овгийнхны түүхийг уншиж дуусгалаа. Оросын сүүлчийн эзэн хаан, түүний гэр бүлийнхний амьдралыг хүүрнэсэн энэ ном маш их таалагдсан.
-Та энэ номын түүхэн хүмүүсийн нэгнийх нь дүрийг бүтээмээр байна уу?
-Мэдээж II Николайн дүр сонирхолтой ч бодитоор харах юм бол би Григорий Распутины дүрийг бүтээвэл бахархалтай санагдана.
-Ингэхэд “Алиса толины цаана” кинонд гадна төрхөөрөө хэрхэн хувирсан талаараа яриач. Шивээснүүдээ нуух гэж өчнөөн юм болов уу?
-Азаар Бүрх малгайт Викториягийн үеийн Английн жентельменүүд шиг хувцасладаг. Зөвхөн нүүр, гарын сарвуу хэсэг л ил гардаг болохоор тэр хэсгүүдээ цайруулаад будсан.
-Бас нүд тань тун этгээд өнгөтэй болсон байна билээ. Контакт линз зүүхэд хэцүү байсан уу?
-Үнэхээр хэцүү. Заримдаа нүдийг бүрэн хаасан линз зүүх хэрэг гардаг байсан. Нэг удаа өрөөсөн линз хажуу тийшээ болж, шал согтуу юм шиг харагдаж билээ.
-Хувцас, нүүр будалтынхаа сонголтыг ч өөрөө хийсэн гэсэн?
-Анхны кинон дээрээ ч би өөрөө сонгосон. Тим Бёртон (продюсер) бид хоёр эртний дотно андууд болохоор надад ийм эрх дарх олгосон. “Алиса гайхамшгийн оронд” киноны бэлтгэл ажлын үеэр би усан будгаар нүүрээ будаж үзмээр санагдсан юм. Тэгээд хүүгээсээ цаас, будаг зээлж аваад нүднийхээ доогуур нил ягаан өнгийн хүрээ, гал улаан үс, этгээд шар ногоон өнгийн нүд зурж үзсэн. Эхлээд ч Бёртон миний нүүр царайны эскизийг шууд л урах байх гэж бодож байлаа. Тэгтэл тэр шууд л энэ чигээр нь баталчихаж билээ.
-Та ихэвчлэн галзуу дүрүүд бүтээх юм аа. Бүрх малгайтын галзуу байдал Жекийн этгээд зангаасаа юугаараа ялгаатай бол?
-Ахмад Жек бол хатуу ром дарс, халуунаас болж солиорсон байдалтай байдаг бол Бүрх малгайт галзуу эр ажилдаа цавуу их хэрэглэдэг. XIX зуунд цавуунд хар тугалга ихээр хольдог байсан. Түүнээс болж манай баатар галзуу болсон. Ер нь бүрх малгайтнууд тухайн үедээ бага зэрэг солиотой байсан нь түүхэн баримт шүү.
-Иймэрхүү дүрүүд олныг бүтээсний дараа бодит байдлыг хүлээж авах чадвар тань өөрчлөгдөнө гэж айхгүй байна уу?
-Миний өвөө өөрөө солиорсноо ухамсарлахгүй байвал галзуурахад айх зүйлгүй гэж хэлдэг байсан. Харин өөрийгөө бага зэрэг тийм байна гэдгээ ойлгож байвал жинхэнэ өвчин юм. Тиймээс ухаангүй, галзуу болох гэж байгаа бол бүрэн утгаараа тийм байх хэрэгтэй. Энэ бол миний хөгшрөхдөө хийх нэг төлөвлөгөө юм.
-Алиса шинэ кинонд цаг хугацаагаар аялж, Бүрх малгайт галзуу эртэй уулзах үедээ аль хэдийнэ өсвөр насны охин болсон байдаг шүү дээ. Хэрвээ та цаг хугацааг эргүүлж, 17 насандаа очиж чадвал тухайн үеийн өөртөө юу гэж хэлэх байсан бэ?
-“Хөөе залуу. Жүжигчин л битгий болоорой доо. Клубээс охин найраад гарч ирэх оролдлого бүрт чинь папарацциуд угтах болно шүү. Дараа нь чамайг чухал ажил хийх гэж байсан ч тун хачирхалтайгаар бичнэ гэж мэд”.
-Тэгээд жүжигчин болохгүй юм бол ямар хүн болох байсан гэж?
-Рок хамтлагийн гитарчин. Гэхдээ дуучин биш шүү.
-Та чинь “Hollywood Vampires” хамтлагт тоглодог биз дээ?
-Энэ бол тайзан дээр миний сүүлчийн онгод орсон үе юм. Намайг камерын өмнө зогсохоосоо ч өмнө гитар тоглодог байсныг цөөн хүн мэднэ. Хөгжимчин Жонни Депп жүжигчин Жонни Деппээс илүү удаан оршин тогтнож байна. Сүүлчийнх нь л илүү алдартай болохоос.
-Тоглолт дээр тань хүмүүс жүжигчин Жонни Деппийг харах гэж ирдэг гэдгийг мэдэх үү?
-Таны буруу гэж бодож байна. Тэнд юу харна гэж. Хөгжмийг сонсох хэрэгтэй шүү дээ. Бидэн дээр “Guns N’ Roses”-ийн Слэш, Пол Маккартни зэрэг сонгодог хөгжимчид заримдаа нэгддэг. Тоглолт дээр зарим фэнүүд маань миний кинонуудын нэгийг нь ч үзэж байгаагүй юм шиг харагддаг шүү.
-Та өөрийнхөө тоглосон кинонуудыг үзэх дургүй гэсэн. Гэхдээ “Алиса толины цаана” киногоо хүүхдүүддээ үзүүлнэ биз дээ?
-Миний хүүхдүүд жаахан биш, өөрөө өөрсдийнхөө эзэд болцгоосон. Дээрээс нь би тэднийгээ гэрэл зургийн камерт илүү өртүүлмээргүй байна. Ингэхэд би охиноо “Чарли ба шоколадны үйлдвэр” кинонд дагуулж явснаа саначихлаа. Тэр “Аав аа, та тэнд ёстой аймаар харагдсан” гэсэн ганц л шүүмжлэл хэлсэн. Уг нь би өөрийгөө тун сайн тоглосон гэж бодож байсан юм.
-Та аль 1980-аад оны сүүлчээр “Жамп стрит, 21” олон ангит киногоороо өсвөр үеийнхний шүтээн болсон шүү дээ. Тухайн үеийн соёл өнөөгийн залуу оддын соёлоос юугаараа ялгаатай байна вэ?
-Өнөөдөр хүмүүс ямар ч ойлгомжгүй зүйлсээс алдартай болж байна. Зүгээр л Холливудаар зугаацаж, хэсүүчилснээрээ алдаршдаг. Миний үед сонгодог үдэшлэгт орохын тулд сайн хөгжимчин, дуучин эсвэл жүжигчин болох ёстой байлаа. Харин өнөөдөр эсрэгээрээ тийшээ залуучууд сайн продюсертэй уулзахаар ирж байна. Тэднийг ч ойлгохоос өөр аргагүй. Яагаад гэвэл хүмүүс гал, ус, Кардашьяны гэр бүлийнхний цоожны нүх зэргийг л зогсоо зайгүй харж байна шүү дээ.
1980-аад онд нэлээд шуугиулж, 1990-ээд онд арай багахан дуулиан тарьсны эцэст Жонни төлөвшиж, томоожсон мэт болсон. Тэрбээр Ванесса Парадитай уулздаг болж, хамтдаа 14 жил амьдарсан бөгөөд Лили-Роуз хэмээх охин, Жек хэмээх хүүгийн эцэг эх болсон юм. Гэтэл 2012 онд Жонни, Ванесса нар салж байгаа тухай мэдээ цэлмэг тэнгэрт аянга ниргэх мэт олныг шуугиулсан. Үүнээс хойш гурван жилийн дараа Жонни жүжигчин Эмбер Хердтэй гэрлэсэн юм.
-Та 15 жилийн турш эзэмшиж байсан Францын өмнөд хэсгийн усан үзмийн талбайтай эдлэнгээ зарах гэж байснаа гэнэт больсон шүү дээ. Яагаад ингэж шийдэв?
-Энэ газартай холбоотой хэтэрхий олон сайхан дурсамж үлджээ. Тэнд би аз жаргалтай он жилүүдийг өнгөрөөсөн. Энэ эдлэнд хүүхдүүд минь өсч бойжсон. Тиймээс би энэ газрыг зүгээр л нэг байшин биш, амьдралын минь нэг хэсэг гэдгийг ойлгосон. Намайг байхгүй болоход үр хүүхдүүд минь гэр бүлийн баялаг түүхтэй энэ л гэрт үр ачаа өсгөж суугаасай гэж хүссэн.
-Охин тань тун удахгүй өөрөө тэрэн шиг эдлэн газар хэдийг л бол хэдийг авах хөрөнгөтэй болно шүү дээ. Лили-Роуз загварын сэтгүүлүүдэд зургаа авахуулж, кинонд тоглоод эхэлж. Та түүнийг шоу бизнесийн ажил хийж байгааг хүлээн зөвшөөрдөг үү?
-Миний хувьд охиноо нас биед хүрч, нүүр амаа будаж, моодны хувцас өмссөн байгаагаар харахад үнэхээр аймшигтай байна. Нөгөө талаас үзэхэд охины маань ээж тун үзэсгэлэнтэй эмэгтэй болохоор удам дагаад үүгээр карьер хөөхөөс аргагүй.
Энэ жил Жонни Депп Австралид хууль шүүхийн асуудалд орооцолдож, хэвлэлийн хуудаснаас нэр нь огт салаагүй. Тус улсын засаг захиргаа Депп болон түүний эхнэрийг улсад нь хууль бусаар нохдоо оруулж ирсэн гэж буруутгасан юм. Алдарт хос нохдоо аваад хувийн онгоцоороо тус улс руу ниссэн биш, амьтан оруулах зөвшөөрөл аваагүй хэрэгт унажээ. Хожим нь Жонни, Эмбер нарт 1000 австрали долларын торгууль ногдуулж, Австралийн засаг захиргаанаас видео бичлэгээр албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан аж. Үнэхээр ч тэд видео бичлэг хийлгэн интернэтээр цацсан ч уучлалт гуйсан шинжгүй, итгэл үнэмшилгүй харагдаж байна гэсэн шүүмжлэлд өртжээ. Энэ бичлэгийнхээ талаар Жонни “Хэрвээ та нар энэ бичлэг дээрх үгэнд итгэхгүй байгаа бол би муу л жүжигчин гэсэн үг” хэмээн ярьжээ.
-Та нохдоо хууль бусаар аваачсан гэдэгтээ чин сэтгэлээсээ харамсаж байна уу?
-Үнэхээр чин сэтгэлээсээ. Тэр ч битгий хэл би Англид нэг ч амьтныг, тэр ч бүү хэл далайн гахайгаа ч хууль бусаар оруулж ирээгүйдээ танаас уучлалт хүсч байна. Австралийн жишээ эхнэр бид хоёрыг хуулиа сахих хэрэгтэй гэдгийг ойлгуулсан. Бас нохдод паспорт чухал гэдгийг мэдрүүлсэн. Гэрийн нохойд хүртэл шүү. Тэр ч бүү хэл өнөөх ноход нь гэртээ хошуувчтай явдаг байсан ч хамаагүй.
2016 онд