Бод, дандаа сайхныг бод. Хэцүү байсан ч хүссэн сайхан зүйлээ бодвол амжилт, аз жаргал өөрөө гүйгээд л ирнэ. Харин муу зүйл бодож огт болохгүй. Бодол бүхнийг бодлын хүч сонсч байдаг. Тэр бидний хэлсэн бүхнийг даалгавар хэмээн хүлээн авдаг. Уйтгартай намрын навчис уйлагнан унахыг харж зогссон Ундраа хөмсгөө зангиджээ. Угаасаа л тэр ийм баргар, бухимдуу, уцаартай царайтай явдаг болохоор мөчрөө гөвөх модод хүртэл түүнийг андахгүй. ”Аан, нөгөөдөх чинь урвайгаад, уурлаад л явж байна” гэж дөрвөн улирал тойрч суугаад ярианыхаа сэдэв болгож амжжээ. Дааж дийлэхээргүй их уур бухимдлыг зүрхэндээ арай ядан тээж, харсан, уулзсан болгоноо элдвээр харддаг болохоор байнга бие нь өвдөнө.
Эцэг эхээс заяасан махан бие нь яаж ч хичээгээд түүний энэ дарамтыг үл дийлнэ. ”Энэ ажил угаасаа бүтэхгүй дээ”, ”Энэ залуу яг намайг тэнэг гэж бодож байгаа”, ”Энэ хүн миний мөнгийг илүү төлүүлэх гээд л байна даа” гэсээр уулзсан бүхнээ хар бодлоор үднэ. Харин бодол бүхэн нь түүнийг мөрдөнө. ”Аан, эзэн өөрөө бүтэлгүйтье гэж хүсээд байгаа юм байна”, ”Аан, энэ ажлыг бүтээж болохгүй юм байна шүү” гэсэн даалгаврыг Ундраагийн оюун санаанаас хуулбарласаар өнөөг хүрчээ. Үр дүнд нь энэ сайхан охинд бүтэж байгаа юм гэж ганц алга. Үргэлж л бухимдана. Уурлана. Ажил нь бүтэхгүй байна гэж хавь ойрынхондоо уцаарлана. Харин Баярмаа огт өөр. Бүх юм сайхан болно. Энэ бол түүний хэлэх дуртай үг.
Хэцүү байсан ч, баяртай байсан ч өөртөө ингэж л хэлдэг. Нэгэн удаа гар утсаа хулгайд алдчихаад байхдаа ч өөртөө ингэж л хэлж байсан. ”За яахав, утсаа алдаа л биз. Бүх юм сайхан болно оо. Үүнээс ч сайхан утастай болно” гэж өөртөө хэлсээр байсан. Удалгүй илбийн юм шиг зүйл байгууллагынхаа шилдэг ажилтнаар шалгарч, сүүлийн үеийн загварын утсаар шагнагдаж л байсан. Түүний хэлсэн бүхнийг бодол нь дагана, биелүүлнэ. ”Аан, эзэн энэ ажлаа бүтээнэ гэж байгаа юм чинь би бүх чадлаараа бүтээх ёстой юм байна”, ”Аан, эзэн их мөнгөтэй болъё гэж хүсч байгаа юм байна, мөнгөөр бороо оруулаад өгье” гээд л…
Тийм болохоор Баярмаагийн амнаас ”Бүтэхгүй байна”, ”Болохгүй нь” гэсэн үг барагтай бол унахгүй шүү. Бодол биеллээ олдог гэдгийн учир шалтгаан бүхэн энэ аж. Бод, дандаа сайхныг бод. Хэцүү байсан ч хүссэн сайхан зүйлээ бодвол амжилт, аз жаргал өөрөө гүйгээд л ирнэ. Харин муу зүйл бодож огт болохгүй. Бодол бүхнийг бодлын хүч сонсч байдаг. Тэр бидний хэлсэн бүхнийг даалгавар хэмээн хүлээн авдаг.
Бод, бодол бүхэн биелнэ.
1 comment
Яг үнэн шүү. Үнэхээр бодлоороо хүн амьдардаг юм. Гайхалтай нийтлэл байна. Баярлалаа.