“Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай тушаалын дагуу Дархан-Уул аймгийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 8-ны өдөр хүртэл зохион байгуулж байна.
Гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох ажлын хүрээнд энэ сарын 18-ны 03:00 цагийн орчим хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын иргэн Б-ийн 16 тооны адууг Архангай аймгийн харъяат иргэн С гэгч нь хулгайлан тууж авчран Дархан сум Малчин баг хогийн цэгийн орчим Дархан-Уул аймгийн харъяат Г, А, А, Ш нартай бүлэглэн нядалж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.
Тус этгээдүүдэд холбогдох хэргийг материалжуулж, уг хэрэг нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн тул харъяаллын дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлжээ.
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээдүүд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор төлөвлөгөө удирдамж гарган ажиллаж байгаа юм байна.